Тимоти Гейтнер Хятад, Японд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Тимоти Гейтнер Хятад, Японд айлчилна

Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, тус улсын эсрэг хоригоо чангатгах асуудлаар АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер Хятад, Японд гурван өдрийн айлчлал хийнэ гэж тус улсын Сангийн департаментын төлөөлөгч мэдэгджээ.

Тимоти Гейтнер энэ сарын 12-нд Токиод Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, Сангийн сайд Жун Азуми нартай уулзаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахын тулд дэлхийн хоёр том эдийн засагтай орон хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурьджээ. Дээрх хоёр оронд хийх айлчлалын үеэр АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер Ираны эрх баригчид болон тус улсын Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авахыг бүс нутгийн холбоотон орнуудаас ятгах аж. Японд айлчлахын өмнө Тимоти Гейтнер ирэх мягмар гаригт Бээжинд очиж, Хятадын төрийн нарийн бичгийн орлогч дарга Ван Кишаньтай уулзах гэнэ. Тимоти Гейтнер мөн Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао, дэд ерөнхийлөгч Ци Жинпинг зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөжээ. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд нефтийн импортод хориг тавьж буланд шахаж буй энэ үед нефть шатахууны 10 хувийг Иранаас импортолдог Япон шахаанд орж болзошгүй байгаа юм. Японы Гадаад хэргийн сайд Койчиро Гемба өнгөрсөн сард Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзахдаа Тегераны нефтийн импортод хориг тавих нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ оны өмнө Ираны Төв банктай нефтийн импортын гэрээ байгуулсан санхүүгийн байгууллага, компаниудад хатуу шийтгэл оноох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж