Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам /АН/ гарах болсныг мэдэгдээд юуны төлөө тус намынхан Засгийн газарт орсон, яагаад гарах болсноо тайлбарлав. Түүний хэлснийг сийрүүлбэл “УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа сонгууль будилаантай болсон гэдгээс үүдэлтэйгээр долдугаар сарын 1-ний үйл явдал болж таван хүний амь нас үрэгдсэн хар үйл явдал болсон. Үүний дараа Монгол Улс улс төрийн хувьд сөргөлдөөнтэй байдлаар цааш явах юм бол яах вэ гэсэн асуултын тэмдэг дээр очсон.
Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газарт орж ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэе гэсэн шийдвэрийг ҮЗХ гаргаад гурван жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна.
Хамтарснаараа бид тодорхой зүйлүүдийг хийж чадсан. Юу юу хийж чадсан юм бэ гэвэл хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг сайн хадгалж чадлаа. Хамраснаараа дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатайгаар даван туулж чадсан. Олон жил дуншиж, чөдөр дэгээ болж байсан уул уурхайн салбар, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулж улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж чадлаа. Жижиг, дунд үйлдвэр, ерөөсөө үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлууд эхлүүлж чадлаа.
АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөртөө оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байгаа юм. Одоо 2012 он гарлаа. Энэ бол нэлээд онцлогтой жил. УИХ, орон нутгийн сонгууль зургадугаар сард хамтдаа болох ёстой.
Энэ сонгуульд АН тусдаа, МАН тусдаа орно. Тус тусын үзэл баримтлал, ойрын дөрвөн жилд, магадгүй АН-ын санаачилсан ойрын найман жилийн хугацаанд монгол хүнээ хөгжүүлэх, улс орныхоо хөгжлийг яаж төсөөлж байгаа, болохгүй ямар асуудлыг яаж шийдвэрлэх талаараа тус тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж сонгуульд оролцоно.
АН хамтарсан Засгийн газарт орсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн учир УИХ-ын сонгуульд ард иргэдэд ойлгомжтой байдлаар орохын тулд Засгийн газраас гарах нь зөв гэж би намын даргын хувьд үзэж байгаа юм. Ойрын үед ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулж энэ асуудлыг эцэслэн шийднэ” гэлээ.