“Арабын хувьсгал” гадны турхиралт байсныг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Арабын хувьсгал” гадны турхиралт байсныг үгүйсгэхгүй

Сирид өрнөж буй эсэргүүцлийн бослого хөдөлгөөн ард түмний уур, бухимдлыг дээд цэгт нь хүртэл өдөөж байна. Ажиглагчид Сирид гурав дахь хүчин зүйл хэрэгтэй юу гэсэн асуудлаар ид хэлэлцэж байна. Тэгвэл Араб лигийн аюулгүйн зөвлөлийн тэргүүн генерал Амр Моусагийн “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэе.

-Яг одоо Сирид юу болж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн баасан гаригт Сирийн сөрөг хүчний тэргүүн Басма Кодмани Ерөнхийлөгч Башар Аль Ассадад ээлжит захидлаа хүргүүлсэн. Мөн Хомс, Дамаскт цэргүүд иргэдийг нухчин дарах бодлогоо үргэлжүүлж байна. Хамгийн сүүлд 28 иргэн амь үрэгдлээ.

-Араб лигийн улсууд Сирид хориг тавьж, гишүүнчлэлээсээ хассан шүү дээ. Гэвч есөн сарын турш нөхцөл байдал бүр хүндэрлээ. Одоо Араб лигийн улсууд ямар арга хэмжээ авах вэ?

-Юутай ч Дубайд Сирийн асуудлаар Араб лигийн зөвлөл бага хурал зарласан. Энэ үеэр Сири рүү энхийг сахиулах цэрэг илгээх эсэх асуудлаар шийдэлд хүрэх болов уу. Сирийн хотуудад өдөр алгасалгүй буун дуу гарч байна. Засгийн газар гадна, дотны хавчлагыг үл анзааран алан хядлагаа үргэлжлүүлж байгаа нь цуст дарангуйллыг зогсоох цаг нь ирсэн гэсэн үг. Гэхдээ юун түрүүнд Башар Аль Ассадад дахин хоёр долоо хоногийн хугацаа өгнө.

-Сирид цохилт өгөхөд хүрвэл НҮБ оролцох уу?

-Тийм ээ. Нэг жигүүрээр Араб лигийн энхийн хүчин нөгөө талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн цэрэг, дайчид цөмрөх боломжтой. Мэдээж цэрэг илгээхээс урьтаж Засгийн газар энэ үйлдлээ таслан зогсоовол асуудалд яаралгүй хандана.

-Араб лигийн зөвлөл Сирийн нөхцөл байдалд хожуу шийдвэр гаргасан гэж ажиглагчид үзэж байна. Зайлшгүй шийдвэрлэх эхний алхамаа буюу хориг арга хэмжээг сүүлд тавьсан нь Башар Аль Ассадад боломж олгосон юм биш биз?

-Бодож үзье л дээ. Хэрэв Пакистан эсвэл Саудын Арабын удирдагч улсынхаа эрх ашгийг түрүүнд тавилгүй ард түмнээ буруутган тэдэн рүү буу шагайж эхэлбэл хөндлөнгөөс оролцоход хүндрэлтэй. Яагаад гэвэл, Сири тусгаар тогтноод олон жилийн нүүр үзсэн улс. Тэдэнд хууль бий. Эрх баригч хүчин байдаг. Сөргөлдөгч талууд оршино. Эдийн засаг, худалдааны салбарт нэлээд өндөр ашигтай ажилладаг. Цаашлаад Арабын лигийн улсууд дотроо нэлээд нэр хүндтэй. Европт данстай орон. Гэтэл тэдний удирдагч ард түмнийхээ эсэргүүцлийн дуу хоолойг хүчээр тараалаа. Энэ нь явсаар таван мянган хүний амиар тоологдох иргэний дайн болон хувирчээ. Гагцхүү энэ л үед ажиглагч ба хамтын орнууд Сирид уриалга гаргаж, санал тавьж, сүүлдээ эдийн засгаар боох хүртэл аашилна. Тэрнээс биш Дамаскт цугласан таван зуун хүнийг тараасны төлөө тусгаар тогтносон улс руу цэрэг илгээх нь утгагүй хэрэг. Байж боломгүй үйлдэл. Гэхдээ эдүгээ Сирийн нөхцөл байдал ямар байгаа нь дэлхийн нийтийн нүдэн дээр ил байна. Тэдэнд зайлшгүй тусламж хэрэгтэй болжээ.

-Саяхан Пакистаны эрх баригчид Ойрхи Дорнодод жагсаал, цуглаан турхирсан байж болзошгүй 158 иргэнийг баривчлан саатуулсан. Магадгүй “Арабын хавар” хэн нэгний төлөвлөгөө байсан уу. Энэ хувьсгал хаалттай тивийг жил хүрэхгүй хугацаанд юу болгочихов?

-Мэдээж ард түмний эрх ашиг ямар ч нийгэмд оршихоос үл хамаарч чухлаар хөндөгдөх ёстой. “Арабын хавар”- ыг өдөөхөд гадны нөлөөлөлд автсан гэдгийг үгүйсгэж болохгүй л дээ. Баривчлагдсан этгээдүүд хэний “утсан хүүхэлдэй” байсан нь сонирхолтой. Гэвч асуудал Сири, Хосни Мубарак дээр төвлөрч байгаа.

-Өнгөрсөн хувьсгалын жилд Засгийн газрын цэргийн хүч хэр хэмжээний хохирол амссан бол?

-Шинжээчид хоёр мянган цэрэг, дайчид амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн. Эдгээр нь бүгд жагсаал, цуглаан хурцтаж, мөргөлдөөн болох үед амиа алдагсад.

-Сирид гадны дэмжлэг яаралтай хугацаанд хэрэгтэй юу?

-Сөрөг хүчний тэргүүн Басма Кодмани саяхан энэ асуудлаар үзэл бодлоо хуваалцсан байна лээ. Тэрний хэлснээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд гадны ямар нэгэн дэмжлэгийг авах нь болохгүй зүйл биш гэсэн. Тиймээс Сирид хүний эрхийн байгууллагууд юун түрүүнд төвлөрч, дайнд хохирч буй иргэдийг анхааралдаа авах хэрэгтэй.

-Бахрейн, Йемен, Тунис, Алжирийн ард түмэн хэрхэн энэ их өөрчлөлтийг хийж чадав аа. Тэдний араас Египет, Ливи зоригтой алхсан. Харин одоо Сири. Тэд яаж чадаж байна вэ?

-Нэгдүгээрт энэ бол ард түмний урдаа тавьсан маш том зорилго байсан. Үүнийг хэн ч зогсоож чадахааргүй болтлоо улайрсан хэдэн мянган жагсагч. Гэхдээ нэг, нэгнээсээ халдварласаар энэ хүрсэн нь үнэн боловч маш богино хугацаанд өөрчлөлтийг хийж чадсан.

-Хосни Мубаракийн уналтын дараа танд юу бодогдов. Энэ зөв байсан уу. Тэд шинэ ерөнхийлөгч хүссэн байх?

-Би тэгж бодоогүй ээ. Энэ чинь ард түмний хүсэл учраас хэн ч зогсоож дийлэхгүй. Тийм болохоор Х.Мубарак суудлаа тавьж өгсөн хэрэг. Араб лигийн улсууд хувьсгал өрнөсөн дээрх орнуудыг дийлэнх нь оносон хэмээн дүгнэж байна.

Т.Батсугар

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж