2012: АНУ, Обама, Сонгууль-2

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

2012: АНУ, Обама, Сонгууль-2

Өчигдөр АНУ-ын ерөнхий­лөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Барак Обаматай энэ оны сүүлчээр өрсөлдөх сөрөг хүчний нэр дэвшигчдийн урьдчилсан дотоод сонгуулийн анхны санал хураалт Айова мужид болж өнгөрсөн юм. Зөвхөн Бүгд найрамдах намынхны дунд болсон энэ сонгуулийн үр дүнгээр бол одоогийн сөрөг хүчний нэр дэвшигч Митт Ромни өөрийн ард орсон өрсөлдөгч Рик Санторумаас ердөө наймхан хүний саналаар давуу байжээ.Бүгд найрамдахчуудын энэ өрсөлдөөнөөс харахад одоогийн ерөнхийлөгч Обаматай ширүүхэн тулаан хийчихээр товойж гарахуйц өрсөлдөгч “заануудын”(Бүгд найрамдахчуудын намын бэлгэдэл) эгнээнээс одоогоор алга байгаа бололтой.

Анзаарвал АНУ-ын ерөнхий­лөгчийн энэ удаагийн сонгуулийн гол сэдэв нь эдийн засгийн асуудлууд байх бололтой. Энэ нь ч учиртай. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий оролцогч АНУ-ын төсвийн өрийн асуудал ойрын жилүүдэд гарч байгаагүй хямралын нөхцөлд ойртон очсон бөгөөд өмнө нь дэлхийн санхүүгийн хямралд барьц алдаж байсан санхүүгийн салбарынхан нь америк иргэдийг багагүй айлгаад авсан билээ.

Энэхүү хямралын нөлөө одоо ч бүрэн арилаагүй байгаа тул эдийн засгийн асуудал энэ онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн гол сэдэв болж таарч байна. Тэгээд ч одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн хамгийн эмзэг сэдэв нь эдийн засгийн асуудал болж байгаа тул түүнийг давж гарах гэсэн өрсөлдөгч бүхний сонирхол чухамдаа дээрхи сэдэвт төвлөрч байгаа бололтой.

Германы Дойче Велл сэтгүүлийн нийтлэлчдийн бичсэнээр бол хэрэв наана нь АНУ-д ямар нэг байгалийн гамшигт үзэгдэл гэх мэт онцгой зүйл л тохиолдохгүй бол эдийн засгийн сэдэв нэр дэвшигчдийн тулааны гол талбар болох нь гэдгийг ерөнхийлөгчийн сонгуулийн гараа болсон Айова муж дахь сөрөг намынхны буюу Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн кампанит ажлын нээлт харуулжээ.

Хэрэв түүхийн хуудсыг сөхвөл чухам ийм маягаар эдийн засгийн сэдвийг хөндөж түүгээр сонгуулийн сайн пи-ар хийж чаддаг өрсөлдөгч л ялалт байгуулдгыг Обамагийн нэг намын нөхөр Билл Клинтоны кампанит ажил харуулж байжээ. Тухайн үедээ Арканзас мужийн захирагч байсан Билл Клинтон 1992 онд гарч ирж байх үед мөн л  эдийн засгийн сэдэв ялалтын тулах цэг нь болж байсан гэдэг. Билл Клинтоны туслахаар ажиллаж байсан нэгэн олон нийтийн өмнө ам алдахдаа, “Бүхний шалтгаан нь эдийн засаг шүү дээ,чалчигчдаа” гэж хэлсэн нь тэр үедээ түүнийг алдаршуулж байсан аж.

АНУ-ын Вашингтон хот дахь худалдааны зөвлөх Дэн Оденвальд энэ талаар хэлэхдээ, “Өнөөдөр Нэгдсэн улсад ажилгүйдлийн хувь 8-аас дээш гараад байгаа. Эдийн засаг дэн дунтай л байна.Нэг ч их сайн биш,бас муу ч биш. Хүмүүс итгэлээ алдаж байгаагаа мэдрэх болсон” гээд “Явж явж америкчууд хэнийг сонгодог вэ гэхээр өөрсдийх нь бодсоноор тэднийг хамгийн түргэн чинээлэг болгож чадах хэн нэгнийг л сонгоно” гэж ярьсан байна. Үүнтэй холбогдуулж дурдахад оны өмнөхөн Барак Обамагийн санаачилга болон шахалтаар АНУ-ын конгресс ажилгүйчүүдийн тэтгэмжийг хэвээр байлгах болон иргэдийнхээ орлогын татварт өгөх хэмжээг багасгах тухай хуулийг үргэлжлүүлэн мөрдөхөөр болсон юм.Одоо харвал энэ шийдвэр Обамагийн сонгуулийн гол сэдвийг урьдчилж таамаглан гаргасан эхний алхам ч байж болох юм.

Гэхдээ дээрхи арга хэмжээ ч бас Обамагийн одоогийн нэр хүндэд тийм ч их дэмжлэг үзүүлж чадахааргүй байгаа бололтой. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар бол тухайн үедээ Обамаг дэмжиж байсан америкчууд одоо итгэлээ алдаж эхэлсэн гэнэ. Германы гадаад бодлогын шинжээч Йозеф Брамел Дойче Велл-д өгсөн ярилцлагадаа, “Дөрвөн жилийн өмнө АНУ-ын эдийн засгийг идэвхжүүлэх чадвараараа өрсөлдөгч МакКейнигээс илүү гэж үзээд Барак Обамаг дэмжигчид нь сонгосон.Харин одоо Обама энэ хүлээлтийг нь хөсөрдүүлэхгүй гэдгээ маш яаралтай харуулахгүй бол хожигдоно” гэжээ.

Ийм алхам хийх нь дөрвөн жилийн өмнө Обамаг дэмжиж байсан Нэгдсэн улсын залуу сонгогч нар болон африк,латин америкийн  гаралтай америкчууд дахин түүнийг дэмжих эсэхэд чухал нөлөөтэй байх ажээ. Шинжээч Брамел сонгуулийн өмнөх Обамагийн нөхцөл байдлыг хөлбөмбөгтэй зүйрлүүлж, “тэрээр одоо тоглолт дуусахаас хорин минутын өмнө  хоёр бөмбөг алдаад,түүнийгээ нэхэж яваа багийн тоглогч шиг л байна” гэж тодорхойлжээ. Энэ байдал нь Обамаг өөрийн сонгогчдын саналыг энэ удаад алдахад хүргэж болохоор байгаа аж. Тэдгээр сонгогчид бол өөрсдийн сонголтоо хараахан хийгээгүй байгаа дээр дурдсан нийгмийн бүлгүүдийг төлөөлөгч америкчууд юм.Хамгийн чухал нь ийм сонгогчид нийт санал өгөгчдийн бараг тал хувийг эзэлдэг билээ.

Хэдий тийм боловч зарим шинжээчдийн үзэж байгаагаар Барак Обамагийн намыханд буюу “илжигнүүдэд” (АНУ-ын Ардчилсан намын бэлгэ тэмдэг нь илжиг байдаг) эдийн засгийн арга замаас гадна ялалтад хүргэх өөр бас нэг сайн “хөзөр” байгаа гэнэ. Хэдийгээр Барак Обамагийн засаг захиргаа АНУ-ын санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад олигтой дэмжлэг болоогүй гэж шүүмжлэгдэж байгаа ч ирэх сонгуулийн үед дахин ялах боломжийн хувьд өөдрөг талууд бас бий гэж ажиглагчид үзэж байна.Тэр бол маш энгийн буюу ердөө л сөрөг хүчнийхэнд сонгогчдод итгэл төрүүлэхүйц хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа бодит нөхцөл байдал юм. ( Өчигдөрхөн болсон Бүгд найрамдахчуудын намын Айова муж дахь дотоод сонгуулийн үр дүн үүнийг нотолж байна.Дэлгэрэнгүйг өмнөтгөлд.)

Өнөөгийн сөрөг хүчин буюу АНУ-ын Бүгд найрамдах намын доторхи фракцуудын харилцан ойлголцол байхгүй,эв нэгдэлгүй байдал нь тэдний хүчийг сулруулж байгаа тул магадгүй одоогийн эрх баригч Ардчилсан намынханд ялалтад хүрэх “сайн хөзөр”-ийг атгуулж байгаа бололтой. Одоогоор Бүгд найрамдах намын доторхи урсгалыг үндсэнд нь гурав хувааж болохоор байна.Эхнийх нь өчигдөр Айова муж дахь намынхаа дэмжигчдийн сонгуульд ялалт байгуулсан Митт Ромнигийн фракц буюу христийн консерватив үзэлтнүүд юм. Мөн эдийн засгийн асуудалд илүү анхаарал тавьдаг зүүний жигүүрийнхэн болон популист чиглэлийн “Tea party” фракц гэсэн бүлгүүдэд хуваагдаад байна. Харамсалтай нь эдгээр жигүүр, фракцийн төлөөллүүд зөвхөн өөрсдийгөө дэмжих ёстой гэсэн уриалгыг нийтэд ойлгуулахыг чармайснаас бус, нэгдмэл намын “фоноор” явахгүй байгаа нь тэдгээр нэр дэвшигчдийг сул харагдуулж байгаа бололтой.

Хэрэв нөхцөл байдал ийм хэвээр үргэлжилбэл одоогийн ерөнхийлөгчийн тал буюу АНУ-ын Ардчилсан намынханд ердөө л өрсөлдөгчийнхөө сул байдлыг дөрөөлөн хялбар ялалтад хүрэх төлөв харагдаж байгаа ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж