Оюутны 70 мянгыг улирлаар олгож магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Оюутны 70 мянгыг улирлаар олгож магадгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Үндэсний тэтгэлэг буюу  оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. Өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас баталсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч оюутнууд хэзээ  тэтгэлгээ авах нь тодорхойгүй байна. Өчигдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, оюутны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаар дамжуулан олгохыг дэмжсэн. Тэгэхээр уг асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох үлдэж байгаа юм. Оюутны тэтгэлэг тойрсон асуудлаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжаваас тодрууллаа.

-Оюутнуудад олгох 70 мянган төгрөгийг хэзээнээс өгөх вэ гэдэг асуултыг иргэдийн зүгээс их тавьж байна. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Үндэсний тэтгэлэг олгох хуулийн  хэрэгжилт 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд зарчмын зарим өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийг сургалтын төрийн сангаар дамжуулан олгохоор болсон нь энэ сангийн чиг үүргийг нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр эхний ээлжинд Тусгай сангийн тухай хуульд  өөрчлөлт оруулахаар болсон. Энэ асуудал өчигдрийн Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдлээ. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ороод батлагдчихвал журам  батлахад саадгүй болно. БСШУЯ-наас тэтгэлэг олгох  журмыг гаргаад УИХ-д өргөн барьсан байгаа. Сургалтын төрийн сан ганцхан оюутны тэтгэлэг бус багш нарын цалингийн нэмэгдэл олгох ажлыг ч хийх юм. Тиймээс  ч Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан хэрэг. Ерөнхийдөө тэтгэлгийг оюутанд олгох  эрх зүйн орчин энэ сарын эхний долоо хоногт  шийдэгдчих байх.

-Энэ сардаа багтаж оюутнууд эхний сарын тэтгэлгээ авах боломжтой юу?

-Байгууллагын цалин ч сарын эцсээр буудаг. Түүнтэй адил сарын эцэс гэхэд оюутанд ямар журмаар  олгох нь  тодорхой болно. Нэгэнт  улсын төсөвт хөрөнгө нь суусан учир санаа  зовох зүйлгүй. Олон мянган оюутанд ологх учир сар бүр гэхээр дараалал үүсч, хүндрэл гарч болзошгүй. Сургалтын төрийн сангийн зүгээс улирлаар нь олгох, картаар олгох санал гаргасан.

-Сурлагын амжилтаар нь ялгамжтай өгнө гэх яриа бий. Хангалтгүй суралцдаг оюутанд энэ тэтгэлэг очихгүй гэсэн  үг үү?

-Хуулиараа магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бүх оюутанд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэж заасан. Тэгэхээр оюутнууд сурах үүргээ биелүүлээд, хичээлдээ унахгүй, сургуулиас хасагдахгүй байвал тэтгэлгээ авна. Бүр онцгой амжилт гаргавал 70 мянгаас гадна нэмэгдэл урамшуулал олгохоор заасан байгаа. Энэ бол оюутны сурлагын амжилтаас л хамаарна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж