![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2012/1/b45bf48524187e1a/4731bea14e794029big.jpg)
Иран улс Персийн булангийн газрын тос үйлдвэрлэгч орнуудын тээвэрлэлтийн гол бүс болох Ормузийн хоолойг хаана хэмээн өнгөрсөн долоо хоногоос эхлэн сүрдүүлсэн юм. Персийн булан, Оманы буланг холбосон Ормузийн хоолой нь бүхэлдээ Ираны өмнөд хил аж. Ираны нэгдүгээр дэд ерөнхийлэгч Мохаммед Реза Рахими “Хэрэв Өрнөдийн орнууд Ираны нефтийн экспортод хориг тавибал Ормузийн хоолойгоор ганц дусал нефть ч дамжин өнгөрүүлэхгүй” гэж мэдэгдсэнийг тус улсын мэдээллийн агентлаг уламжилсан байна. Өрнөдийн орнууд Ираны нефтийн экспортыг хязгаарласан хоригоо чангатгасны хариуд тус улс ийн сүрдүүлжээ. Өрнөдийн орнууд, ялангуяа АНУ-ын засаг захиргаа Ираны химийн үйлдвэрүүд болон газрын тос олборлогч компаниудад хориг тавьсан байна. Хэрэв Иран Ормузийн хоолойг хаавал нефтийн үнэ 40 ам.доллараар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Гэвч Иран улс Ормузийн хоолойг хаахын тулд эхлээд Бахрейн дахь АНУ-ын онгоц тээвэрлэгч тэнгисийн флоттой учрах ёстой болж байгаа юм. Харин өнөөдөр Иран АНУ-ыг Персийн булангаас хол байхыг анхааруулсан гэнэ. Иран цэрэг армидаа ДНБ-ний ердөө 2.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Харин АНУ ДНБ-ний 4 хувийг цэрэг, армийн хүчээ бэхжүүлэхэд зарцуулдаг. Гэхдээ л АНУ Иранаар Ормузийн хоолойг хаалгахгүй гэж ажиглагчид үзэж байна. Ливид өрнөсөн улс төрийн хямралаас үүдэн газрын тосны салбар дахь геополитикийн уур амьсгал маш тодорхойгүй байгаа ийм үед Иран Ормузийн хоолойг боовол энэ онд нэг баррель түүхий нефтийн үнэ 125 ам.долларт хүрч болзошгүй аж. Өнгөрсөн жилийн эхээр Ливид өрнөсөн бослого хөдөлгөөнөөс болж түүхий нефтийн нийлүүлэлт зогсч, үнэ нь нэмэгдэж байсан билээ. Улс төрийн хямрал үүсэхээс өмнө Ливи улс өдөрт 1.6 сая баррель газрын тос үйлдвэрлэж байсан юм. Хэдийгээр Ливид Муаммар Каддафийн дэглэмийг унагаж, хямрал намжсан ч газрын тосны олборлолт өмнөх шиг хэмжээнд хүрээгүй байна.