Б.Обамагийн гол өрсөлдөгч нь М.Ромни

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Б.Обамагийн гол өрсөлдөгч нь М.Ромни

Америкчууд ирэх арваннэгдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгчөө сонгоно. Улс орных нь эдийн засаг суларснаас ирээдүй нь бүрхэг болж, олон улсын тавцан дахь байр суурь нь ганхсан энэ үед АНУ-ын иргэдийг түгшүүр нөмөрч байгаа тухай ялим­гүй хэтрүүлэгтэй боловч худлаа гэдгийг нь нотлох аргагүй дүгнэлт мэр сэр гарсаар байгаа. Тийм учраас шинжээчид энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү байгаа тухай “Wall Street Journal” нэгэнтээ мэдээлж байв.

Энэ удаагийн сонгуульд орол­­цохын тулд нам дотроо Хил­­ла­ри Клинтон Б.Обаматай өрсөл­дөхөөс татгалзаж, түүнийг дэм­жиж ажиллахаа мэдэгдсэн. Ха­рин Ардчилсан намаас Рэндэл Тер­ри сонгуулийн сунгаанд орол­цохоор болж байв. Гэхдээ өдгөө 52 настай түүнийг дэмжигчдийн тоо Б.Обамагийнхаас харьцангуй бага гарсан. Тиймээс АНУ-ын хэвлэлүүд Ардчилсан намаас нэр дэвших хүн бол Б.Обама гэ­дэгт маргах аргагүй тухай мэдээлж байна. Харин Бүгд найрамдах намаас хэн Б.Оба­матай өрсөлдөх бол гэх асуулт хамгийн их сонирхол татаж байгаа юм. Үүнд олон хүний нэр гарчээ. Массачусет мужийн амбан захирагч асан Митт Ромни, Конгрессын ги­шүүн Рон Паул, АНУ-ын Тө­лөө­лөгчдийн танхимын дарга Ньют Гингрич, Майкл Макман зэргээр жагсаалт хөвөрнө. Гэхдээ урьдчилсан судалгаагаар М.Ромни, Р.Паул нарын нэр хүнд сайн байгааг харуулжээ. 

М.Ромни АНУ-ын Ерөнхий­лөг­чийн 2008 оны сонгуульд мөн л  нэр дэвшиж байв. Гэхдээ тухайн үед Жон МакКэйнд ялагдсан юм. Өм­нө нь 2002 оны өвлийн олимпийн наадмыг Салт Лэйк  хотод зохион байгуулах үед бүтээн байгуулалтын ажилд оролцох хөрөнгө оруулагчдыг сонгохтой холбоотой маргааны эзэн болж байсан. Гэхдээ бизнесмэн гэдэг утгаараа ажлын байр нэмэгдүүлэх асуудалд Б.Обамагаас илүү турш­лагатай ч байж болох. Тэрбээр сон­гуулийн сурталчилгаанд зориулж энэ онд 190-250 сая ам.доллар зар­цуулахаар төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн баян нь. Ямартай ч өөрийгөө жинхэнэ кон­серватив үзэлтэй хэмээн тунхаглаж байгаа түүний нам доторх гол өрсөлдөгч нь Р.Паул. Тэрбээр “Tea Party” буюу “Цайны нам” хэмээх хөдөлгөөний загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг. Засгийн газрын зардлыг багасгаж, иргэдэд ялгаатай татвар ногдуулахыг дэм­жих, улсын өр болон төсвийн алдагдлыг бууруулахын тулд олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн “Tea Party” хө­дөлгөөн АНУ-д 2009 оны эцсээр нэлээд  хүчээ авсан юм. Яг л одоогийн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнтэй төстэй. Түүнчлэн либертари үзэлтэй Р.Паулын хувьд АНУ-ыг гадны орнуудад тусламж үзүүлж, бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцон цэргийн ажиллагаа явуулахын эсэр­гүүцдэг аж. Бүгд найрамдах на­маас нэр дэвшигчдийн хэн, хэн нь хүчтэй улстөрчид бололтой. Ха­рин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, “Хятадын компаниудыг зах зээлээсээ шахна” хэмээн том амлаж байсан Дональд Трамп гэнэтхэн “Бизнесмэн байх нь илүү сонирхолтой ажил юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Обама Ерөнхийлөгч байх хуга­цаан дахь АНУ-ын ажил эрхлэлтийн түвшин Жорж Буш, Билл Клинтон, Рональд Рейган нарынхаас доогуур гарсан. Тиймээс эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд Б.Обамагийн ялалтад саад болж мэднэ. “Wall Street Journal”-аас явуулсан судалгаанд оролцсон арван хүн тутмын гурав нь “АНУ дэлхийд тэргүүлэгч гүрний байр сууриа ойрын 20 жилийн дотор Хятадад алдана” хэмээн найдаж буйгаа хэлжээ. Гэхдээ бүх зүйл Б.Обамагийн эсрэг чиглэсэнгүй. Судалгаагаар америкчууд Б.Обама болон түүний Ардчилсан нам гэхээс илүү Бүгд найрамдах намынханд төдийлөн таатай хандахгүй бай­гаа нь харагдсан байна. Тэгээд ч Б.Обамагийн хувьд Ирак, Аф­ганистаны дайныг эцэслэж, есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулсан “Аль-Кайда” бү­лэглэлийн удирдагч Осама Бин Ла­денг устгасан, татвар, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилсэн гэх мэт олон өөрчлөлтийг хийсэн. Өмнөх сонгуульд оролцож байх үедээ “Өөрчлөлт” гэх үгэн дээр тог­лож, энэ үгээр имижээ тодорхойлон гарч ир­сэн Б.Обама үнэхээр тодорхой зүй­лийг өөрчилж чадсан гэхэд болно. Ямартай ч ингээд АНУ-д сонгуулийн жил эхэллээ.

“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцож буйгаар энэ жил АНУ-ын телевизээр дамжуулах сонгуулийн сурталчилгааны нийт өртөг өнгөрсөн оныхоос 9-18 хувиар нэмэгдэх бо­лолтой. Барак Обама өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 2012 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа ал­бан ёсоор илэрхийлснээс хойш кампанит ажлаа эхэлсэн. Энэ онд зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн төдийгүй Конгрессын сонгууль ч бас болох юм. Тиймээс сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2011 онд АНУ-д улс төрийн шинжтэй зар сурталчилгааны үнэ, тариф эрс өссөн байна.

Энэ оны хувьд нэлээд олон оронд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль болох юм.  Түүний тоонд АНУ, ОХУ, Франц, Өмнөд Солонгос, Финланд, Энэтхэг, Тайвань, Венесуэл зэрэг улс багтаж байна. Үүнээс ирэх гуравдугаар сарын 4-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд анхаарал татаж байгаа. Учир нь улс төрийн бүхий л эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн В.Путинийг эсэргүүцэгчид олширсон учраас тэр. Түүнчлэн дээрх орнуудаас гад­на Хятадын Коммунист намын Улс төрийн товчоо шинэчлэгдэж, тус улсын даргаар шинэ хүн то­милогдохоор болсон. Хойд Со­лон­госыг залуухан удирдагч нь мэдэлдээ авч, Евро бүсийн орнуудын төр, засгийн тэргүүн нар хямралаас болж солигдчихоод байгаа билээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж