Яруу найраг уран бичигтэй найрсана

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Яруу найраг уран бичигтэй найрсана

Монголын үндэсний уран зургийн галерейд энэ сарын 18-нд “Дэлхий ээж” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Одоогоос 30 жилийн өмнө яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Дэлхий ээж” хэмээх шүлэг бичиж, түүнд нь хөгжмийн зохиолч Р.Энхбазар аялгуу зохиож, дуучин Б.Бадар-Ууган дуулснаар энэ уран бүтээл эх дэлхийгээ эхийн ачлал, элбэрлээр хайрлахуйн учир утгыг хүмүүсийн зүрх сэтгэл рүү илгээсэн юм.
Энэхүү  үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Баттөмөр нарын яруу найраг, уран бичлэг найрссан бүтээлүүд дэлгэгдэх ажээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Баттөмөр нар “Дэлхий ээж” хэмээх бичиг соёлын үзэсгэлэнгээ дэлгэж буй нь дээрх агуулгатай шууд холбоотой бөгөөд бичиг зохиол, яруу найраг, уран бүтээл, соёлын бүхий л үйлсээрээ эх дэлхий унаган байгалиа хамгаалах үзэл санаанд нэгдэхийг уриалж байгаа аж.
Монголын соёл, яруу найргийн академиас монгол бичиг соёлын үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон гаргадаг энэхүү үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна түүний яруу найрагт зориулсан өнөө үеийн Монголын уран бичлэгийн гол төлөөлөгч болох зураач Д.Баттөмөрийн шилдэг бүтээлүүд, яруу найрагчийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэгийн болон гар бичмэлийн нийт 80 орчим бүтээл дэлгэгдэх юм байна.
Тэд энэхүү үзэсгэлэнгээрээ ирээдүйгээ зөгнөн харахын хамт орхигдон гээгдсэн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн оюуны үнэт зүйлсээ эд баялгаас илүүд үзэж эрхэмлэн дээдлэх, түүний үнэ цэнийг өндөрт өргөхийн чухлыг сануулах аж.
Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн туурвил нь авьяаслаг зураач, каллиграфич Д.Баттөмөрийн бийр бэхний бүтээлтэй сүлэлдэн нэгдэж, бичиг соёл ба дүрслэх урлагийн цоо шинэ чиг хандлагыг хэрхэн илэрхийлснийг тус үзэсгэлэнгээс тольдож болно.
“Бидний зүрх сэтгэлээс төрсөн уран туурвил болгон дэлхий ээждээ цэцэглүүлсэн билиг оюуны ургамал юм. Дэлхий ээжээ шимэн хөхөж, ус ургамлаар нь ундлан, газар шороон дээр гишгэж баялгийг нь хүртэгч хүн болгон бүтээл туурвил, зүрх сэтгэлийнхээ гэрэл гэгээг нэмэрлэж дэлхий ээжийнхээ ачийг хариулцгаая” хэмээн яруу найрагч, зураач хоёр энэ үзэсгэлэнгээрээ уриалж байна.
Дашрамд дуулгахад үзэсгэлэнгийн танхимд яруу найргийн уншлага, шинэ номын нээлт зэрэг үйл ажиллагаа болох ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж