“Эко парад”-ыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

“Эко парад”-ыг зохион байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Экологийн элч” клуб, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачлан Ирэх лхагва гаригт “Эко парад”-ыг зохион байгуулах гэнэ. Энэ ажилд МУИС-ийн Экологийн боловсролын төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран оролцох юм байна.  

“Экопарад”-ын гол зорилго нь Ойн тухай хуулийн 28.1 дэх зүйл заалтыг сурталчлах явдал юм. Хуулийн энэ зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж заасан байдаг аж. “Эко парад”-ын үеэр ногоон туузтай экологийн элч нар мод тарьж, байгаль эхдээ буян үйлдэхийг, ногоон нийслэлийн төлөө нэгдэхийг иргэдэд уриална. “Эко парад” 14-ний өдрийн 14.00 цагаас Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Эрх чөлөөний талбай хүртэл алхахдаа “Ногоон нийслэлийн төлөө нэгдэцгээе” илгээмжтэй 1000 ширхэг бөмбөлөг агаарт хөөргөж, Ойн тухай хуулийг сурталчилсан гарын авлага түгээх гэнэ.

Харин 15.00 цагаас Эрх чөлөөний талбайд Эко наадмыг эхэлнэ. Эко наадамд “Түмэн эх” чуулга, Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид задгай талбайн тоглолт хийж байгаль хамгаалах үйлсэд манлайлагчдад “Экологийн элч” өргөмжлөл гардуулах юм. Мөн энэ үеэр Эрх чөлөөний талбайд модны тарьц, цэцгийн суулгац, үрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдэд нэг дороос цогц мэдээлэл-үйлчилгээг хүргэх гэнэ.

Жич: Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 8801-0993, 9977-7000 утсаар “Экологийн элч” ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн ажлын багтай холбогдоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж