“Хамтын оролцоотой ойн менежмент цоо шинэ ойлголт”

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Хамтын оролцоотой ойн менежмент цоо шинэ ойлголт”

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагаас хэрэгжүүлсэн “Хамтын оролцоотой ойн менежмент” төслийн хүрээнд энэ чиглэлийн хичээлийг их, дээд сургуулийн оюутны хичээлийн хөтөлбөрт оруулжээ. Энэхүү ажлыг МУИС-ийн Биологи, био технологийн сургуулийн Ойн тэнхимтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Хамтын оролцоотой ойн менежмент хичээлийг тус сургуулийн бакалавр, магистр, докторын төвшний суралцагчадад зааж эхлээд байгаа аж. Энэхүү төслийн ач холбогдол, үр дүнгийн  талаар МУИС-ийн Биологи, био технологийн сургуулийн захирал Н.Батхүүтэй ярилцлаа.

-Та сургалтандаа Хамтын оролцоотой ойн менежмент хичээлийг оруулж, хөтөлбөрийг нь боловсруулсан. Энэ хичээлийн зорилго, ач холбогдол юу вэ?

-НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ төслийн хүрээнд МУИС-ийн Биологи, био технологийн сургуулийн сургалтын хөтөлбөрт  “Хамтын оролцоотой ойн менежмент” гэдэг хичээлийг   оруулах нь миний гол ажил байсан юм. Манай сургуулийн Биологи, био технологийн сургуулийн Ой судлалын тэнхимд жилдээ бакалаврын төвшинд  20-25 оюутан шинээр элсэн суралцдаг. Энэхүү хичээлийн хөтөлбөр дэлхийн улсуудад нэлээд  тархсан. Гэхдээ манай улсын хувьд байгалийн нөөцийн менежмент, ойн менежментийн талаарх ойлголт нь шинэ нэр томъёо, шинэ ойлголт  гэж хэлж болно. Ойн мэргэжлээр суралцаж буй оюутнууд энэхүү шинэ менежментийн дагуу тодорхой мэдлэг мэдээлэлтэй гарч, түүнийгээ дараа дараагийнхаа шатанд түгээн дэлгэрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зорилгоор энэхүү хичээлийг сургалтын программд оруулаад байна.


-Хамтын ажиллагаатай ойн менежментийг хөгжүүлэх, энэ талын мэдлэг мэдээллийг оюутнуудад өгөх зайлшгүй шаардлага  байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Монгол Улсын ой 100 хувь улсын өмч.  Ойн  тухай хуулийн  1997 оны  шинэчилсэн найруулгаар ойн санг нөхөрлөлүүд гэрээгээр эзэм­ших, ашиглах утга агуулгууд оруул­сан.  Харин хамтын оролцоотой ойн менежмент гэдэг ойлголт хуулийнхаа хүрээнд болон  тухайн газар нутагт хэрхэн хөгжүүлэх асуудал тодорхойгүй асуудлууд олон байгаа юм. Тиймээс хамтын оролцоотой ойн менежмент гэдэг нь ямар ойлголт  болохыг оюутан залууст заах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Үндсэндээ энэхүү асуудлаар манай сургууль хоёр төрлийн хичээл зааж байгаа. Бакалаврын төвшинд хамтын оролцоотой ой гэсэн хичээл орж байгаа. Хамтын оролцоотой  ой гэж юу болох, агуулга, зорилго, зорилт, тодорхойлолт, үндсэн  зарчмууд, дэлхий нийтэд хөгжиж байгаа ойн менежмент бүхий улс орны жишээ, алдаа оноо зэргийг оюутнуудад мэдүүлэх зорилготой. Энэ хичээлийг бакалаврын  төвшинд сонгон судална. Харин магистр, докторын түвшинд  хамтын оролцоотой ойн менежмэнт гэдэг  хичээл заавал судлах буюу мэргэжлийн суурь хичээл болж орж байна. Магистр, докторын төвшинд агуулга нь арай гүнзгий баяжина гэсэн  үг. Хамтын оролцоотой ойн менежмент гэхээр дан ганц ойн асуудал гэж ойлгож болохгүй. Нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, жендэрийн асуудал  ч  үүнд  хамаарч болно. Монгол Улсад социализмын үеэс оролцоо гэдэг асуудал байгаагүй. Ардчилсан хувьсгалын дараагаас оролцооны тухай ойлголт тогтож эхэлж байна.

-Тэгэхээр энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил  ямар төвшинд байгаа юм бол?

-Энэ чиглэлийн судалгааг бие дааж хийж байгаа судлаач, судалгаа хийсэн профессор  олон байхгүй. Манай ойн тэнхим дээр энэ чиглэлийн хоёр төсөл хэрэгжсэн. Нэг нь Канадаас санхүүжүүлсэн Байгалийн нөөцийн менежментийн  төсөл. Үүн дотор ойн нөөцийн менежмент мөн орсо.  Хоёр дахь төсөл нь  энэхүү Хамтын оролцоотой ойн менежмент  төсөл. Эдгээр төслийн хүрээнд хамтын оролцоотой ойн менежментийн чиглэлээр судалгаа хийх сонирхолтой оюутнуудаас сонгон шалгаруулалт хийгээд, судалгааны грант  буюу санхүүжилт олгосон. Энэ хүрээнд нэг оюутан дунджаар 1000 орчим долларын санхүүжилт авсан байх жишээтэй. Санхүүжилт авсан оюутнууд бичиг баримтуудад анализ хийх, алдаа дутагдалтай талыг сайжруулах боломж зэргийг  Монгол Улсынхаа болон гадны улс  орнуудын хэмжээнд харьцуулсан судалгаа хийсэн. Энэхүү санхүүжилтыг ойн ангийн оюутнууд авна гэсэн үг биш. Нийгэм, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд ч хамрагддаг. Тэгэхээр манайд үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн жендэр, хувь хүний оролцооны асуудал зэрэг социологийн судалгаа хийсэн тал бий. Бакалаврын төвшний оюутнуудын хувьд ойн нөхөрлөлийн чадавхийг сайжруулах чиглэлээр судлах юм. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлүүдийг ашиг олох боломжийг судална гэсэн үг. Бут сөөг ургуулах, жимс ногоо тарих, ой нөхөн сэргээх, байгалийн баялгийг ашиглах замаар нөхөрлөлийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд анхаардаг. Нөхөрлөл маань тодорхой эргэлтийн хөрөнгөтэй байж оршин тогтнож, идэвхитэй үйл ажиллагаа явуулна. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааг хийж байгаа. Гэхдээ хамтын оролцоотой ойн менежмэнт гэдэг ойлголт шинэ зүйл. Төсөл дууссан ч хичээл үргэлжлээд явна.

-Төслийн хүрээнд  хичээлийн программд оруулсан  хамтын оролцоотой ой, хамтын оролцоотой ойн менежмент хичээлд зориулсан гарын авлага  бий юу?

-Сургалтын төлөвлөгөө өнгөрсөн хичээлийн жилд бүрэн дууссан. Энэ хөтөлбөрийг боловсруулахад Хамтын оролцоотой ойн менежментийн чиг­лэлээр олон жил ажиллаж байгаа  Голландын Нико Розимейжэр  гэдэг   эрдэмтэнтэй миний бие хамтарч хий­сэн. Бидний гараас тухайн хичээлийн хөтөлбөр агуулга, түүнд хэрэглэгдэх арга, тодорхойлолт, зорилго, үр дүнгийн талаар нарийвчлан тусгасан байгаа. Энэхүү ойлголт нь бие даасан шинжлэх ухаан биш. Олон ойлголтын дундаас гарч ирсэн нэг салбар. Тиймээс тогтсон шинжлэх ухаан бүхий хичээлтэй адил нэг аргаар, нэг хөтөлбөрөөр удаан явах боломжгүй. Өөрөөр хэлбэл, байнгын өөрчлөлтөд байдаг учир жил бүр баяжиж явдаг.

-Бакалавр, магистр, докторын төвшинд энэхүү хичээл өөр өөр агуулгаар орж байгаа гэсэн. Хичээлийг ямар аргаар явуулдаг вэ?

-Ялгаатай  л даа. Оролцоо гэдэг чухам юу болох  талаар оюутнуудад ойлголт өгөхийн тулд маргаан, мэтгэлцээний журмаар хичээлийг явуулдаг. Эхлээд тодорхой төвшний үндсэн мэдлэгийг өгдөг. Үүний дараа оюутнууд харилцан санал солилцох, тухайн чиглэлд судалгаа хийх, ном унших судлах  зэрэг аргаар хичээл явагдана. Мөн олон тооны жишээн дээр тулгуурлаж хичээлийг явуулж байх жишээтэй. Тухайлбал, хамтын эзэмшлийн ойн чиглэлээр Нипаль улсын туршлагыг ярьж болно. Олон жилийн өмнө донор байгууллагуудаас энэ чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл байдаг. Эдгээр төслийн  үр дүн, алдаа оноог оюутнууд уншиж судлах нь дүн шинжилгээ хийхэд үр дүнтэй. Тодорхой жишээ баримтад тулгуурлан шинэ мэдлэг олж авах нь уншихаас илүү үр дүнтэй байх талтай.

-Хамтын оролцоотой ойн менежмент  дэлхийн улс орнуудад нэлээд эртнээс хөгжсөн юм байна. Гэхдээ улс орны онцлогоос хамаарч харилцан адилгүй үр дүн гардаг болов уу?

-Монгол Улсын хувьд  хамтын оролцоотой ойн менежмент гэдэг ойлголт нь шинэ зүйл. Шинэ зүйлийг бий болгоход  нэгдүгээрт цаг хугацаа шаардлагатай, хоёрдугаарт бэрхшээлүүд тулгарна. Хамтын оролцоо гэдэг нь зөвхөн ойн нөхөрлөлийн гишүүдэд хамаатай зүйл биш. Ойн талаар бодлого боловсруулж буй Байгаль орчны яам, Ойн газар хүртэл хамаарна.  Ойн нөхөрлөлүүдээс гарсан бүтээлч санал санаачлагууд үндсэн утгаараа хэрэгжиж чадвал хамтын оролцоо  жинхэнэ утгаараа хөгжих юм.

-Ойг хамгаалах асуудлыг эртнээс ярьж байгаа ч дорвитой үр  дүнд хүрээгүй л байна. Хамтын оролцоотой ойн менежмент төсөл ойг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах уу?

-Оролцоо гэдэг нь шийдвэр гарга­хад нөлөөлөх, шийдвэр гаргахаас ч хамаардаг. Ойн нөөцийг хэрхэн хам­гаалах, ашиглах гээд ойтой холбоотой бүхий л асуудлууд ойн нөхөрлөл дээр очиж байгаа. Монгол Улсын ой их хэмжээгээр хорогдож, сүйдэж байгаа  нь жил жилийн тооллогоос харагдаж байна. Ой нь хэдийгээр  нөхөн сэргээгддэг нөөцөд хамаардаг ч дуусах аюултай. Ашиглалт, хамгаалалт гэсэн хоёр ойлголт байна. Тодорхой хэмжээгээр зөв зохистой ашиглаж байж хамгаалах нөхцөл бүрдэнэ биз дээ. Өөрөөр хэлбэл нөхөрлөлүүдэд  ямар нэг үр ашгаа өгөхгүй бол хамгаална гэдэг утгагүй. Тэр утгаараа ойг эзэнтэй болгох нь чухал. 2008 оны судалгаагаар нэг нөхөрлөлийн  хамгаалж буй талбай 2600-2700 га  гэсэн тоо бий. Тэгэхээр 180 гаруй нөхөрлөл хэдэн га ойг хамгаалж буй нь харагдана. Гэхдээ  нөхөрлөлүүд үнд­сэн чиг үүргийнхээ дагуу үйл ажил­лагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ тал дээр хяналт байх хэрэгтэй. Ойн нөхөрлөлийн нэрээр ойг ашиглах тал нь давамгайлах асуудал гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй. Ма­най улсын хувьд ойгоос шууд хамаа­ралтай иргэн цөөн. Олонх нь дам хамааралтай байдаг. Хамтын оролцоотой ойн менежментийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа  улс орныг харахад ард иргэд нь ойгоосоо шууд хамааралтай. Ой дотроо амьдардаг байх жишээний. Тэгэхээр хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлэхэд илүү дөхөм, үр дүнтэй байгаа юм.

-Хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлсэн, үр дүнд хүрсэн  дэлхийн улсын сонгодог жишээг дурдвал? 

-Монгол Улсын ой 100 хувь төрийн өмч. Манайхтай ижил төстэй уур амьсгалтай орнууд бий. Эдгээр улсуудад хувийн эзэмшлийн ой илүүтэй хөгжсөн. Манай улсын хувьд эзэмшлийн асуудал чухал. Эзэмшинэ гэдэг нь ойг бүрэн авна гэсэн үг биш. Улс бүр ойн менежментийн  хувьд харилцан адилгүй онцлогтой. Олон газраар явж судлаагүй ч Энэтхэг, Индонез, Нипал улсуудыг дурдаж болно. Мөн өмнөд  Африкийн орнуудад хамтын оролцоотой ойн менежмэнт хөгжсөн байдаг. Нүдээр үзсэн гэдэг утгаараа Нипаль улсад энэ менежментийг сайн хөгжүүлсэн санагдсан. Тус улсад ядуу иргэд олон. Тэдний амьжиргааг сайжруулах, ойгоо хамгаалах ажил нэлээн сайн явж байгаа юм билээ. Оюутнуудад зааж байгаа хичээлдээ  ч энэ улсын жишээг өргөн ашигладаг. Ойг хамгаална, ашиглана, эзэмшилд өгнө гэдэг нь ямар нэг эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Нөхөрлөлүүд  ойгоо эзэмшээд, түүнийг ашиглаж, нөхөн сэргээж, улмаар ашгийг нь хүртэх  замаар  тогтмол эргэлтэд оруулах нь чухал.

-Оюутнуудад энэ чиглэлийн судалгаа  хийх, ой хамгаалах чиглэлээр ажиллах ажлын байрны боломж ямархуу байдаг  вэ?

-Ой судлаачаар төгсөж буй оюутнуудын хувьд энэ чиглэлийн тодорхой мэдлэгтэй болж гардаг. Түүнээс биш дагнан мэргэжил эзэмшүүлээгүй. Ойн хуулинд байгаа энэхүү концепцийг энэ чиглэлээр суралцаж буй оюутанд мэдлэг өгөх нь чухал. Ой судлалын чиглэлээр төгсөж буй оюутнууд янз бүрийн байгууллагад ажиллана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгуулагдсанаар энэ талын үйл ажиллагаа сэргэсэн. Үүнийгээ дагаад аймгуудад ойн  ангиуд, байгаль орчны газар, хэлтэс  байгуулагдаж, тодорхой ажлын байрууд бий болж байна. Тэгэхээр бэлтгэгдэн гарч буй  боловсон хүчнүүд тэр талын мэдлэг чадвартай байх ёстой.

-Төслийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ. Тухайлбал хамтын оролцоотой ойн менежмент хичээлийг их, дээд сургуулийн сургалтын программд оруулсан таны ажлын үр дүнг сонирхоё?

-Төсөл энэ жил хэрэгжээд дуусч байгаа. Манай сургууль төслийг хэрэгжүүлэхийн өмнө Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээнийхээ хүрээнд ажлаа 100 хувь гэж хэлж  болохоор сайн хийсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл,  хамтын оролцоотой ойн менежмент хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах ажлаа бүрэн дуусгалаа. Хоёр тал хамтын ажиллагааныхаа гэрээг бүхэлд нь дүгнэсэн. Энэ хичээл маань шинэ хичээл, нөгөөтэйгүүр тогтсон шинжлэх ухаан биш учир тодорхой ном сурах бичиг байхгүй. Энэ чиглэлээр ажилладаг судлаачдын туршлага, судалгаа зэргийг эмхэтгэж бичсэн хэдэн ном бий.  Гэхдээ бакалавар, магистарын төвшинд судлах зүйл, агуулга зэргийг  нарийвлан  заасан, дэлгэрүүлэн уншиж судлах зүйлийг багтаасан веб хуудас бий. Энэхүү   веб хуудаснаас  оюутнууд тухайн хичээлийн талаарх бүхий л мэдээллийг урьдчилан аваад, сонгон судлах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж