
Гэхдээ ойлгомжгүй зүйл гарав. Уг хуулийн 4.1.1-т “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстой” гэж зааж “тохиролцсон” ёсоор машиныг нь даатгах зарчмаа хуульчилсан атлаа ганцхан заалтын дараа буюу 4.1.3-т “Жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх” тухай заажээ. Ингэснээр жолоочийг даатгах гэсэн анхны шүүмжлүүлэн “унасан санаагаа” амь оруулсан мэт харагдуулав. Угаас ингэж хуульчилсан тул жолооны үнэмлэхтэй ч даатгуулаагүй л бол замын хөдөлгөөнд оролцвол “хууль зөрчигч” болохоор болов. Үүнд нь жолоочдийн зүгээс мэдээж сөрөг реакц үзүүлж “Японд бол машиныг нь даатгадаг. Үнэмлэх аваад машин барихгүй яваа олон хүмүүс зүрээр л явдаг. Машингүй хүн даатгал төлнө гэдэг бол маш буруу зүйл, зүгээр л хэрэг болж магад гээд жолооны курс төгссөн машингүй ядуу хүмүүс маш олон байгаа. Даатгал гэдэг чинь сайн дурын юм байх ёстой юм биш үү” гээд шуугиж эхлэв. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэгчдийн тайлбарыг сонсвол юу юугүй жолооны үнэмлэхтэй хүн бүр, жишээлбэл, нэг машиныг аав, ах, дүү, ээж нь гээд бүгд унадаг байлаа гэхэд тус бүрээс нь даатгалын хураамж авах гээд байгаа юм бас биш аж. Тайлбарлавал, нэг машин хувааж унадаг хүмүүсийн энэ асуудлыг нэг даатгалын гэрээнд багтаах замаар шийдэхийг оролдож.
Гэхдээ л, өнөөх “даатгуулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдэг нь нэлээд хүмүүст дарамт учруулах нь үлдэж л таарах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл жолооны үнэмлэх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцох эрхийн бичиг болж байсан бол дангаар юу ч биш, тэр ч бүү хэл “журмын хашаа руу явах тийз” болж байна гэсэн үг.
Лавшруулаад бодвол даатгалын гэрээнд хэр олон хүний нэрийг оруулах вэ гэдгээс нэг зүйл гарч байна. Уг нь машинаа бариулж болох бүх хүнээ биччихмээр байвч энэ нь бас тоо хязгаартай бололтой. Таван хүн гэсэн байх.
Тэгээд зогсохгүй энд багтаах хүний тоо нэмэгдэх тусам өнөөх даатгалын суурь хураамж нь өсөх нь тодорхой байна. Амьдрал баян, дээрээс нь өнөөх даатгалын гэрээнд багтаагүй нэгэнд машинаа бариулаад, тэр маань осол гаргачихлаа гэхэд “даатгалын гэрээ үйлчлэхгүй” юм биш үү. Үүнээс нь харвал даатгалыг машин дээр биш хүн дээр хийгээд байгаа гэж харагдаж байна. Нэг машины даатгал дээр цөөнөөр нь багцалж нүд хуурсан болохоос биш үнэн хэрэгтээ “бүдэрсэн анхны санааныхаа зүсийг нь өөрчлөн зүтгүүлсэн” нь энэ.
Сайн дурын даатгалыг ийн заавал даатгал болон өөрчлөгдөхдөө даатгалын гэрээний нөхцөл, хураамжийн хэмжээг тодорхой болгосоныг энд танилцуулж, хуулийг сурталчилья. А ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг, В ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг, С ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг, Д ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг, Механизм ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг, Мэргэшсэн жолооч болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хувьд 33000 төгрөгийг жил бүр тушаах ба даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг:
1) тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
2) өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
3) даатгуулагчийн нас, авто тээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
4) даатгалын гэрээний хугацаа;
5) даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;
6) тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;
7) тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
8) тээврийн хэрэгслийн зориулалт;
9) чиргүүлтэй эсэхээс хамаарч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан итгэлцүүр хэрэглэх журмаар нэмэгдүүлэх буюу хорогдуулахаар хуульд тусгаcан байгаа аж.
Мөн хуулийн талаар танилцуулахад жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхцлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулах юм. Даатгалын гэрээ байгуулж, жолооч даатгалын баталгааг тээврийн хэрэгсэлд байнга байршуулан авч явах үүрэгтэй болсон.
Даатгалын гэрээ нь 1 жил хүртэл хугацаанд хүчинтэй байх ба даатгалын тохиолдол бүрт 1 удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ А, В, Механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 5 сая төгрөг, С, Д ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг байхаар тооцон хуульд тусгасан байна. Энэ нь даатгалын үнэлгээний доод хэмжээ ба даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхээр даатгагчтай тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар даатгуулах боломжтой аж.
Магадгүй энэ хуулийг баталж жолооч бүрийг бараг албан хүчээр даатгалд хамруулах болсон нь гишүүдийн хийсэн арга ч байж болох, аль эсвэл ямар хууль баталж буйгаа анзаардаггүй гишүүдийг хуурсан “ажлын команд”-ийнхний найруулга байж ч болно.
Даатгал олон хүнд хэрэгтэй гэдгийг бид мэднэ, гэхдээ дарамтлах аргаар бол хэрэггүй л баймаар юм.