БНСУ Умардтай харилцаагаа шинэчлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

БНСУ Умардтай харилцаагаа шинэчлэхийг хүсэв

Солонгосын хойгт шийдвэрлэх үе ирээд байгааг БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак шинэ оны илтгэлдээ онцлон дурьджээ. Ли Мён Бак илтгэлдээ “Хэрэв Умард Солонгос тус улсын эсрэг өдөөн хатгалт явуулвал Сөүл хариуд хатуу цохилт өгөх болно” гэжээ. Гэвч тэрбээр “БНСУ-ын хамгийн гол зорилго бол тогтвортой байдал. Хэрэв Пхеньяны эрх баригчид цөмийн зэвсгээр хөөцөлдөхөөс татгалзвал энхийн хэлэлцээ байгуулахад бэлэн” хэмээн илтгэлдээ дурьджээ. Харин шинэ оны өдөр Умард Солонгосын телевизээр ард иргэдээс шинэ удирдагч Ким Чен Уныг үхэн үхтэл нь дэмжиж, үнэнч байхыг уриалсан билээ. Умард Солонгосын “хүндэт” удирдагч Ким Чен Ирыг  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд нас барсны дараа түүний бага хүүг залгамжлагчаар нэрлээд байгаа юм. Умард Солонгосын Сталинист маягийн коммунист дэглэмийг үндэслэгч Ким Ир Сенийг 1994 онд  нас барсны дараа түүний хүү Ким Чен Ир тус улсыг удирдаж байсан. 2010 онд дайны хөлөг онгоц нь живж, 46 далайчин амиа алдсан хэрэгт Өмнөд Солонгос Умардыг буруутгасан билээ. Тэр явдлаас хойш найман сарын дараа Умард Солонгос Өмнөдтэй хиллэдэг арал руу гал нээж, дөрвөн хүний амийг хөнөөснөөс болж хоёр улсын харилцаа сүүлийн үед маш хурцадмал байгаа юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак “Умард Солонгосын хувьд гадаад харилцаагаа шинэ шатанд гаргах боломж нээгдэж байна” гэж илтгэлдээ мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж