
Дарханчууд театрын уран бүтээлчдийг халуун дулаанаар хүлээж авсан төдийгүй дуучид, бүжигчид, хөгжимчид, удирдаач энэ хоёр өдөрт үзэгчдийг ёстой л бишрүүлсэн байна. Дарханд болсон тоглолтын сураг сонсох нь ээ, Дархан-Уул аймгийн театр үзэгчээр дүүрч, “Учиртай гурван толгой” дуурийн ариг дахиулсан гэнэ. Дуурийн ариг дахиулж байна гэхээр үнэхээр бахархмаар. Мөн “Хунт нуур” балетын үеэр гоцлооч О.Ганцоож үсрэлт хийхдээ агаарт хэдэн секунд тогтсон гэнэ. Харин театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул тайзан дээр гараад жинхэнэ үзүүлээд өгсөн гэсэн. Ямартай ч Дарханчуудыг гайхшруулж, бишрүүлсэн Дуурийн театрын уран бүтээлчдийн тоглолтыг дахин үзэхийг хүссэн Дарханы үзэгчид утас цохин тоглолтын тасалбар захиалах болсон гэнэ шүү. Ирэх бямба гаригт театрт Б.Шаравын “Чингис хаан” дуурьтай, мөн ням гаригт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг тоглох юм.