
Улсын Их Хурлын дарга энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш, Францын Гадаад болон Европын хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Францын Үндэсний ассемблейн ерөнхийлөгч Бернар Аккуйе нартай уулзах юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг дагалдан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар ажиллаж байна.
Тус улсад анх 1974 онд АИХ-ын орлогч дарга Б.Ширэндэв нарын хүмүүс айлчилж байсан бол 1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2009 онд Ерөнхий сайд С.Баяр нар тус тус айлчилж байжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.