Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао "Бид инфляцийг зохих төвшинд тогтоон барина гэдэгтээ итгэлтэй байна” гэж Хятадын 2011-2015 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан парламентын хурал дээр хэлсэн аж. Тэрбээр газрын тосны үнэ өссөнд Ойрхи Дорнодын үймээн самуун, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний буруу бодлогыг буруутгасан нь цаагуураа АНУ-ыг хэлж байгаа бололтой.
"Бидний өмнө тулгараад буй инфляцийн өсөлт олон улсын эдийн засагт байдаг л зүйл. Хятадын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй импортын инфляци амархан шийдэх зүйл биш.” гэж Вэнь Зябао ярьжээ.
Хятадад инфляци өнгөрсөн хоёрдугаар сард 4.9 хувиар өссөн бөгөөд ирэх сард ч мөн өсөх хандлагатай байгаа юм.
Хятадын эдийн засгийн өсөлт болон ажлын байр, инфляци хоорондоо салшгүй холбоотой. Эдийн засаг хурдтай хөгжихөд ажлын байр нэмэгддэг ч инфляцийн дарамт түүнээс ч их байдаг. Харин эдийн засгийн хөгжил удаашрахад ажлын байр багасдаг. Гэхдээ ийм үед эдийн засаг хямралд орох нь амархан болдог байна.
Бид аль болох зөв шийдвэр гаргаж ухаалаг алхам хийх ёстой гэж Вэнь Зябао парламентын хурал дээр хэлсэн үгэндээ онцолжээ.
Хятад 2011-2015 он гэхэд эдийн засгийн өсөлтөө долоон хувьд хүргэх зорилт тавьсан нь өмнөх жилүүдээс 7.5 хувиар доогуур байгаа юм. Энэ онд инфляцийг дунджаар дөрвөн хувьд барих зорилгодоо хүрэхийн тулд Хятадын засгийн газар банкны зээлийн хүүг гурван удаа нэмж, өнгөрсөн аравдугсар сараас эхлэн банкууд нөөцөө тав дахин нэмэгдүүлж, үнийн өсөлтийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Бээжин үнийн өсөлтийг тогтоон зогсоох хэд хэдэн арга хэмжээ авсан боловч үнийн хөөрөгдөл зөрүүдэлсэн хэвээр байна.