Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Баянхонгор аймагт

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Баянхонгор аймагт

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЭМЯ-ны сайд С.Ламбаа манай аймагт дагалдан яваа хүмүүсийнхээ хамт гурав хоног ажиллав. Эрүүл мэндийн яамны сайдын энэ удаагийн айлчлалд ЭМЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Энхболд, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Д.Отгонбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дарга Ж.Энхбат, Эрүүл мэндийн ажилтны сургалт, судалгаа, зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Өлзийсайхан, ЭМС-ын бодлогын шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Ширнэн нар багтсан байна. Сайд сумдын эмнэлгийн эрхлэгчид, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмч, мэргэжилтнүүд, ажилтнууд уулзаж ярилцсанаар ажлаа эхэлжээ. Сайд эрүүл мэндийн салбарынхантайгаа нүүр тулан уулзаж, тэдний ард түмнийхээ эрүүл энхийн төлөө хийж хэрэгжүүлж буй ажил үйлс, эрүүл мэндийн салбарынханы өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг нүдээр үзэж чихээр сонсох болсондоо ихэд олзуурхаж байгаа уулзалт дээр онцолжээ. Мөн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, зарим өрхийн эмнэлэг, МСҮТ, БТСГ-ын үйл ажиллагаатай биечлэн танилцаж зарим нэг шийдвэрлэх асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн сайдыг аймагт ажиллах хугацаанд аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Нарантуяа, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Алагаа нар дагалдан явж анхаарал татсан асуудлууд, амжилт ололт, тус салбарын ахиц дэвшлийн талаар, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, байгаль цаг уур, мал өвөлжилт, хаваржилтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. ЭМЯ-ны Сайд усан бассейн бүхий спортын ордон бариулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлав.

    ЭМЯ-ны сайд С.Ламбаа Биеийн тамир спортын газрын зааланд болсон “Нийгмийн эрүүл мэнд – Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” –ийн нээлтийн үйл ажиллагаанд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт оролцож тэнд оролцсон иргэд хөдөлмөрчид, тамирчдад хандаж үг хэлсэн юм. Тэрээр:

    -ЭМЯ-аас нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүх нийтийн үйлс болгох, хөдөө орон нутгуудад энэ ажлыг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих талаар багагүй ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлыг аймаг орон нутгуудад маш сайн дэмжиж , хөдөө нутагт эрч далайцтай өрнөж байгаад сэтгэл дүүрэн байна. Энэ тал дээр бүхий л анхаарлаа хандуулж, ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа Баянхонгор аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхандаа талархаж байна. 2008 онд миний бие Эрүүл мэндийн сайд болсон цагаас хойш биеийн тамир спортын болон эрүүл мэндийн салбарлуу чиглэсэн хөрөнгө оруулалт тасралтгүй хийгдэж байгаа.  Баянхонгор аймаг бол воллейбол, теннисний спортоор улсын хэмжээнд дээгүүрт ордог олон шилдэг тамирчдыг төрүүлсэн аймаг. Би нэгэн үе воллейболын холбооны ерөнхийлөгч байсан хүний хувьд сайн мэдэж байна. Ингээд Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтарч усан бассейн бүхий спорт, бөхийн ордон барихад улсын төсөвт суулгаж Засгийн газрын гишүүний хувьд биечлэн хөөцөлдөнө. Мөн улс, аймгийн чанартай тэмцээнд оролцох тамирчдын унааны асуудлыг шийдвэрлэх фургон машин олгохоо амлая гэлээ. Сайд үгийнхээ төгсгөлд манай Баянхонгор аймагт маш сайхан хөлбөмбөгийн талбай байгуулагдсан байна. Та бүхэн цаашдаа газрын теннис гэх зэргээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэгдсэн спортын төрлүүдийг бий болгох талаар илүү сайн анхаараарай. Хамгийн өргөн олныг хамардаг спорт бол гар бөмбөг, сагсанбөмбөг, ширээний теннис болон газрын теннис юм шүү. Танай аймгийн МСҮТ өөрийн гэсэн жижиг биеийн тамир спортын стадионтой болсон байгаа нь сайшаалтай ажил юмаа. Хонгор нутгийнхандаа бүгдээрээ эрүүл байж бүгдээрээ спортоор хичээллэн тодорхой үр дүнд хүрээрэй. Хонгор нутгийнхандаа баярллаа. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье гэлээ.

    Б.Батгэрэл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж