Удирдах ажилтнууд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтнууд зөвлөлдөв

Энэ сарын 10,11-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.   Бүх сумдын ИТХ, Засаг дарга болон төсөвт байгууллагын ерөнхий менежрүүд оролцов. Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар байв.

    Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг зөвлөгөөний үеэр удирдлагууд бүтэн жилийнхээ ажил бүтээл, алдаа оноогоо хэлэлцэн, асуулт хариулт, санал шүүмжлэл өрнүүлэн идэвхитэй оролцсон. “Газар газрын галуу ганганах нь хүртэл өөр байдаг” гэсэн үг бий. Хэдийгээр бид нэг санаа зорилгоор төрийн албыг залгуулж байгаа ч өөрсдийн гэсэн арга барил, ур ухаанаар ажилладаг. Тиймээс ч туршлага хуваалцах, санаагаа солилцох нь чухал. Сум орон нутаг хөгжиж, иргэдийн аж амьдрал хэрхэн дээшлэх үзүүлэлтээс үр дүн нь гарах юм гэж Богд сумын засаг дарга н.Цэвээн ярив.

    Түүнчлэн зөвлөгөөний үеэр сумдын 2010 оны ажил, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг товч танилцууллаа. Төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх тухай ТАСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Цэцгээ илтгэл тавив.

Бар жилд бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай, амар тайван аж амьдрах нөхцөл бололцоог бий болгон хийж бүтээсэн ажил,  засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажилласан ажлын үр дүнг үндэслэн аймгийн хорин сумын ажлыг 89 шалгуур үзүүлэлтээр онооны дарааллаар үнэлэн шагнаж урамшуулсан юм. Аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн ажил үйлчилгээндээ идэвхи санаачлага, үр бүтээл гарган ажиллаж, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн  сумдаар Галуут, Шинэжинст, Богд сум эхэнд үнэлэгдэв.

 Иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, иргэдийн төлөө хийсэн ажлаар нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажлыг ч бас дүгнэж урамшуулсан юм. 2010 онд хийж бүтээсэн ажлаараа аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын  газар, Мэргэжлийн хяналтын  газрууд бусад агентлагуудаас эхний байрт нэрлэгдлээ.

Зөвлөгөөний үеэр “Аялал жуулчлал-аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар мөн” илтгэлийг БОАЖГ-ын дарга Л.Мандал, “Хариуцлагатай уул уурхай хөгжлийн тэргүүлэх салбар мөн”   илтгэлийг ХБХ-ийн дарга Ж.Хүрэлбаатар, “Эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжлийн тэргүүлэх салбар мөн” сэдвээр ХХААЖДҮГ-ын дарга Э.Ганзориг нар илтгэл тавилаа. Аймгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудын талаар эдгээр  илтгэлийг тавьж буй гол зорилго нь иргэдийнхээ сайн сайхан амьдрал, хөгжлийн төлөө хийх ажлын төсөөлөл, тэмүүлэлийг бататган тунгаахад оршсон болов уу.

Төрийн бүх албан хаагчдад хандаж аймгийн Засаг дарга Д.Амарсанаа дэлгэрэнгүй үг хэлэв. “…Чадварлаг боловсон хүчин ажиллаж, тэд ажлаа сайн төлөвлөж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, бүх зүйлд манлайлан оролцож, биелэлтэд нь хяналт тавих ёстой. Үүнийг удирдлагын буюу менежментийн үндсэн таван чиг үүрэг гэж нэрлэдэг. Энэ чиг үүргийн нэг нь доголдоход л таны хийсэн ажлын үр дүн харагдахгүй болно. Иймд аливаа ажлыг иж бүрнээр нь цогцоор нь хийх нь чухал гэдгийг хэлье. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэгч гол хүчин нь таа бүхэн. Тэтэл эдгээр чиг үүргээ бүрэн биелүүлэргүй байгаагаас төрийн үйлчилгээ иргэддээ хүрэхгүй, төрийн байгууллагад ажиллагсадын нэр хүнд муу, зохион байгуулж байгаа ажлын далайц эрч хүч сул, хүртээмж төдийлөн сайнгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. ” хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Мөн сахилга хариуцлага хэмээх салгаж болшгүй хоршоо үгэнд дасал болж, хариуцлага тооцдоггүй,хариуцлага хүлээх хүн байдаггүй систем тогтсон гэдгийг шуудхан хэлээд хариуцлагагүй байдлын зарим жишээг нэрлэж, асуудалд хариуцлага тооцох цаг одоо ч оройтоогүй байгааг “сануулав”.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг цагийн байдалд мэдрэмжтэй хандаж, урагшаа алс хэтийг “ТОМ” хармаар байгааг, хариуцаж буй ажлаа өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээсэн дээр нь мэдэж, ханддаг байхыг шаардлаа. Аймгийн Засаг дарга Д.Амарсанаагийн  хэлсэн үгээс зарим санааг товчлон дурьдав.

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд жишиг сум баг, тэргүүний сум шалгаруулах болзол бүх сумдад хүрээд хоёр жил болж байгаа. 2010 оны аймгийн жишиг сумаар Өлзийт сум, Богд сумын Буянт баг жишиг багаар тодров. Өлзийт сум болзлын дагуу нэг сая төгрөг, жишиг багаар нэрлэгдсэн Буянт, бага оврын дизель хөдөлгүүрээр шагнагдлаа.

Бүх хэлтэс, газар, агентлагийн дарга нар  төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх болон ажил үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хийсэн нь энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөний онцлог байв.

Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсээс санаачлан “Тамхигүй орчин-Хамт олны санаачлага” аяныг өрнүүлэхээр уриалга гаргав. Тамхины эсрэг үйл ажиллагааг дэмжин бусдад тамхины хор хөнөөлыг бүрэн дүүрэн ойлгуулсан, байгууллага хамт олноороо тамхигүй хамт олон болж чадсан, тамхи татдаггүй орчныг 100 хувь бүрдүүлсэн хамт олон, байгууллага олшрох эхлэл тавигдлаа гэж болох юм. Оролцогчид уриалгыг алга ташин, хүлээн авлаа.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж