Үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын дарга нартай 2011 онд ажиллах үр дүнгийн гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурлаа.

Бүтээгдэхүүн нийлүүлэх болон Үр дүнгийн гэрээ байгуулна гэдэг бол тухайн байгууллагын өнгөрсөн жилийн ажлыг дүгнэж ирэх жилийн ажилд нь итгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр юм. Жил бүр уламжлалын дагуу  аймгийн Засаг дарга Д.Амарсанаа сумдын  засаг дарга, төсвийн ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулдаг. Үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын өмнө хэлсэн үгэндээ аймгийн Засаг дарга “Төрийн албан албан хаагчид та бүхэн төсвийн ерөнхийлөн захирагчтай Бүтээгдэхүүн нийлүүлэх болон Үр дүнгийн гэрээ байгуулсанаар төрийн бодлогыг иргэдэд хүргэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хариуцлага баталгаажиж байна. Гэрээ байгуулж эрх авах нь нэг хэрэг. Хамгийн гол нь бид татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтайгаар зарцуулах нь гол. Хоёрдугаар сараас аймагт хийгдэх ажлын анхны тендер зарлагдсан, удахгүй гэрээнүүд байгуулагдаж эхэлнэ. Ингээд 10-р сараас та бидний хамтран хийж гүйцэтгэсэн ажлууд ард иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдаж эхэлнэ. Ямар ч ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх ёстой. 2011 оныг аймгаас  “Үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх ” жил болгон зарласан. Энэ ч утгаар шинэ онд ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлага дэг журмыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэж дурьдав.

Өнгөрсөн 2010 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэв. Аймгийн хэмжээнд 17 сум эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болж, аймгийн төвд эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд станцын өргөтгөл байгуулж, ашиглалтад авсан. Харин 2011 онд Баянхонгор аймагт 4045,550,3 мянган төгрөгийн орлого орж,  6855,829,5 мянган төгрөгийн зарлага санхүүжилт хийж,  20 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 2011 онд Аж үйлдвэрийн паркийн хөгжлийн суурийг тавих, жижиг дунд үйлдвэрийн төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэргээр аймагтаа үйлдвэр хөгжүүлэх орчин нөхцлийг хангаж үндсэн бааз суурийг бий болгох, мах боловсруулах үйлдвэр, ноос угаах үйлдвэр зэргийг барьж байгуулах зорилтуудыг тавьжээ.

Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж