Хэнтий аймагт барилгачдын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт барилгачдын зөвлөгөөн боллоо

Хэнтий аймагт барилгачдын зөвлөгөөн боллоо. Хэнтий аймгийн барилгачид өнгөрсөн онд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж 90 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ. Нийт 40 тендерийн шалгаруулалтад давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгж оролцсоны 20 нь орон нутгийнхан байгаа юм. Барилгын салбарт 500 гаруй иргэд ажиллаж, 256 ажлын байр шинээр гарсан бөгөөд үүнээс 63 байнгын, 193 нь түр ажлын байр байжээ.

“Манай барилгачид хүчээ нэгтгэж байгаад дахин 48 айлын орон сууц баривал аймгийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэж зөвлөгөөнд оролцсон Засаг дарга Ч.Эрдэнэбаатар мэдэгдлээ. Тус аймгийн барилгын 20 компаниудын 15 нь их бага ямар нэг хэмжээгээр барилгын төдийгүй худаг ус гаргах, замын гээд янз бүрийн ажилд оролцжээ. Тоочвоос, 320 хүүхдийн суудалтай сургууль, дөрвөн ангитай сургуулийн өргөтгөл, 75 хүүхэдтэй цэцэрлэг, 10 ортой цэцэрлэг, 11 багийн төв, 1.3 км-ийн урттай хатуу хучилттай болон нэг км-ийн хатуу хучилттай авто зам, 12 метрийн урт бүхий модон гүүр, гурван км үргэлжлэх төв замын гэрэлтүүлэг, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, 35 га талбайг хамарсан 8000 тонн хатуу хог хаягдлын төвлөрсөн цэг, хоёр сумын цагдаагийн байр, 48 айлын орон сууц, бэлчээрийн зориулалт бүхий инженерийн хийцтэй 14 худаг, 74 гаруй га талбайг хамарсан усалгаатай тариалан эрхлэх хүчин чадал бүхий услалтын систем, 118 мянган шоо дөрвөлжин метр үер, цас борооны ус цуглуулах 650 метр урттай далан бүхий хөв цөөрөм зэрэг барилга байгууламжуудыг шинээр барьсан байна.

Барилгачдын зөвлөгөөнөөр “Монгол улсын тэргүүний барилгачин” цол тэмдгээр С.Даваа, ЗТБХБЯ-ны шагналаар Д.Баярхүү нар шагнууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж