Сагсан бөмбөгчид цусаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгчид цусаа хандивлав

Шинэ оны өмнөхөн эмэгтэй шигшээ багийн тамирчид олон нийтэд хандсан арга хэмжээнүүдийг явууллаа. Хэдхэн хоногийн өмнө Бээжингийн биеийн тамирын их сургуулийн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийж, 70:64 гэсэн сайн үр дүнтэй тоглоод ирсэн эмэгтэй шигшээ багийн тамирчид болон лигийн зарим тоглогчид Цусны төвд очиж, цусаа хандивлав. Сүүлийн үед дотоодын цусны нөөц багассантай холбогдуулан олон нийтийг цусаа өгөхийг уриалах зорилгоор шигшээ багийн тамирчид маань ийнхүү цусны төвөөр зочилсон юм. Тэд мөн “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулан өгсөн байна. Энэхүү арга хэмжээг Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Гуанжоуд өндөр амжилт гаргаад ирсэн эрэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байсан юм.

МСБХ “Пэпси” брэндтэй хамтран ажиллах таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд “Жи Эн Бевережис” ХХК-иас хүүхдүүдэд зориулсан бэлгийг бэлджээ. Мөн холбооны зүгээс тус төвийн хүүхдүүдэд 10 ширхэг бөмбөг бэлэглэж, дээд лигийн тоглолт үзэх урилга гардуулсан байна.

Түүнчлэн шинэ, хуучин оны зааг дээр МСБХ, МУБИС-ийн харьяа БТДС-ийн захиргаатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс урлаг соёл, спорт, сурлагаараа бусдаасаа шалгарсан хоёр хүүхдийг сонгон авч, БТДС-д үнэ төлбөргүй сургахаар болжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж