Ослын буруутнуудыг хатуу шийтгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Ослын буруутнуудыг хатуу шийтгэнэ гэв

Хятадад өнгөрсөн долдугаар сард 40 гаруй хүний амийг авч одсон галт тэрэгний ослын буруутан гэгдэж буй 54 хүнд тус улсын хууль сахиулагчид хатуу шийтгэл оноох болсноо өчигдөр мэдэгджээ. Хэдэн сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд хэргийн буруутнуудыг олж тогтоожээ. Хурдан галт тэрэг хоорондоо мөргөлдсөний улмаас 172 хүн гэмтэж бэртэн, хэдэн арван хүн амиа алдсаны дараа олон нийт эрх баригчдыг харааж зүхэж эхэлсэн байна. Хятадын хууль сахиулагчид дээрх аймшигтай ослын шалтгаан нь олон зүйлтэй холбоотойг тогтоосон байна. Мөрдөн байцаалтын үр дүнгээс харахад долдугаар сарын 23-нд болсон ослын гол шалтгаан нь Хятадын Вэнжоу хотын ойролцоо явж байсан хурдан галт тэрэг хүчээ алдаж дараагийн галт тэргэнд ослын дохио өгөөгүйгээс мөргөлджээ. Хууль сахиулагчид Хятадын Төмөр замын яам, Шанхай хотын төмөр замын товчоо ослын дараа шуурхай арга хэмжээ авч, нийгэмд сөрөг хандлага уур амьсгал бүрдэхээс өмнө шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргээгүй гэж буруутгаж байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр Хятадын Төмөр замын яам ослын хохирогчийн ар гэрт тус бүр 915,000  юань буюу 145,000 ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ. Хятадын Засгийн газар мөн сахилга, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудыг хатуу шийтгэл оноох болно гэж мэдэгджээ. Тэдгээр албан тушаалтнуудын дунд ослын дараа албан тушаалаас нь огцруулсан Төмөр замын яамны сайд асан Лю Зижунь, төмөр замын орлогч инженер нар байгаа гэнэ. Төмөр замын дохиолол, холбооны газрын удирдах зөвлөлийн дарга, дохиоллын системийг тавьсан хүмүүс ч мөн шийтгэл хүлээх ажээ. Хятадын Засгийн газар ослоос болж гэмтэж бэртсэн 101зорчигчдод  7.5 тэрбум юань буюу1.2 тэрбум ам.долларын нөхөн олговор олгохоор болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж