В.Путин жагсагчдыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

В.Путин жагсагчдыг буруутгав

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Төрийн Думын сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, шинэчлэл явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг буруутгажээ. Тэрбээр өчигдөр парламентад хэлсэн үгэндээ “Төрийн Думын сонгууль дууссан. Парламентын бүлгүүд хэдийнэ ажлаа эхэлсэн. Спикерийг сонгож, Думын механизм ажиллаж эхэлсэн. Одоо ямар ч эсэргүүцэл нэмэргүй” гэжээ. Орос оронд хууль зөрчсөн хэрэг гарвал шүүхээр шийдэж, хариуцлага хүлээлгэх болно гэж тэрбээр нэмж хэлсэн гэнэ. 2007 оны сонгуульд Думын сонгуулиар сонгогчдын 64 хувийн санал авч, ялалт байгуулж байсан В.Путины Нэгдмэл Орос нам энэ удаагийн сонгуульд 49.5 хувийн саналаар мөн л олонхийн суудал эзлэх болсон юм. Өнгөрсөн бямба гаригт Москва хотод дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнд хэдэн арван мянган хүн оролцсон юм. Жагсагчид мөн ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг сонгохгүй байхыг уриалсан билээ. Харин В.Путин Төрийн Думын сонгуульд ямар ч булхай байгаагүй гэсэн бөгөөд “Бусдыг хуурах шаардлага надад байхгүй. Би иргэдийн итгэл, зоригт итгэдэг” гэж хэлснийг Риа Новости мэдэгдсэн юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж