УИХ-ын гишүүн Д.Энхбатыг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Энхбатыг шүүхэд өглөө

Монголын Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранцэцэг, Нийслэлийн Ногоон намын зөвлөлийн дарга Х.Алтанцацрал  нар  УИХ-ын гишүүн Д.Энхбатыг намын болон гишүүдийн нэр хүндэд халдсан гэж үзэж Монгол Улсын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21,1 497-р зүйлийн 497,1 мөн 511-р зүйлийн 511,1 “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө”-ний тухай хуулийн 3-р зүйл 3,1-д заасныг үндэслэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр өгөх болжээ.

Намаас хөөгдсөн дарга Д.Энхбат нь МНН-ын нэр хүнд, намын гишүүдийг амьгүй албат гэх зэргээр дайрч доромжилсон гэж үзжээ. Үүний улмаас УИХ-ын гишүүн Д.Энхбатаас намын болон намын гишүүдийн нэр хүндийг сэргээх үүднээс 75 сая төгрөг нэхэмжилж байгаль орчноо сэргээх үйлд зориулах болж байгаа хэмээн мэдэгдлээ. 

МНН-ын зүгээс намын гишүүдийн чуулганыг зохион байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Д.Энхбатын намын байрны гадаа жагсаал хийж намын тамга, бүртгэлийн гэрчилгээ, өмч хөрөнгөө буцааж авах болно гэсэн юм.

МНН нь энэ хавраас эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж “Ногоон эмэгтэйчүүдийн холбоо”, “Ногоон залуучуудын холбоо”, “Ногоон цагдаа нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллага байгуулах болжээ.

УИХ-ын гишүүн Д.Энхбат мэдэгдэхдээ Д.Басандорж, М.Чинзориг зэрэг хүмүүс банкинд очиж намын данснаас мөнгө авахаар үймүүлсэн гэж хэлсэн нь оргүй хоосон зүйл гэлээ. “Харин банкинд очиж дансны хуулбар авах гэж байсан бидэнд тийм эрх бий. МНН-ын данс бол намын данс болохоос Д.Энхбатын данс биш” гэж тайлбар хийлээ.

Харин М.Чинзоригын тухайд УИХ-ын гишүүн Д.Энхбатаас үнэн сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй дарамтанд орж уучлалт гуйх хэрэгтэй болсон гэж өмгөөлөгч Ц.Монгол мэдэгдсэн юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж