“Хайр, харуусал” киног үзсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Хайр, харуусал” киног үзсэн үү?


Он гарсаар кино театрууд шинэ киноны хөлд дарагдаж байна. “Шинэ үе”-ийн “Хоёр хоёрын тав” хуучирч амжаагүй байхад “Х түц”-ийн “Болсон явдал” мэндлэв. Харин Валентиний баяраар “Маск” продакшн “Хайр, харуусал” нэртэй мелодрам киногоо нээлээ. Одоо “Өнгөт инээд” хамтлагийн бас нэгэн кино бэлэн болсон сурагтай. Тайзнаас инээд бэлэглэдэг уран бүтээлчид дэлгэцийн орон зайд давалгаалж эхлэв. Эдгээр бүтээлүүдийн дотроос “Хайр, харуусал” бусдаасаа онцлог. Энэ бол тус продакшны хийсэн анхны мелодрам чиглэлийн бүтээл. Марзан, инээдэмтэй дүр төрхөөрөө бидэнд танил болсон жүжигчид өөрсдийгөө эвдэж, авьяас чадлаа өөр байдлаар харуулах гэсэн хэрэг. Хэв маягаа эвдэх гэсэн уран бүтээлч оролдлого нь үнэндээ талаар болсонгүй. “Хайр,харуусал” киноны үзэгчид ам сайтай байгаа янзтай. Бид энэ удаа уншигчидтайгаа энэ киноны тухай ярилцах гэсэн юм. Юуны өмнө киноныхоо үйл явдлыг товчхон танилцуулъя.


Чадраа, Өлзий хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Чадраа ангийхаа Энэрэл охинд сэтгэл татагдах авч, тэр охин Өлзийд хайртай. Өлзий, Энэрэл хоёр үерхэж, хэн хэнийгээ удаан хугацаагаар сургуульд явсан ч үнэнч хэвээр хүлээнэ хэмээн хоёр биедээ тангараглана. Гэвч Өлзий өөр бүсгүйтэй гэрлэнэ. Түүний эхнэр Мандах мөн л тэдний анги. Ийнхүү 20 жилийн амьдрал хөвөрнө. Олон жил лабораторийн хортой нөхцөлд ажилласны улмаас Өлзий үргүй болсныг Мандах олж мэднэ. Гэвч тэрбээр эр нөхрөө сэтгэлийн шаналалд унагахгүйн тулд, гэр бүлээ аз жаргалтай бүтэн байлгахын тулд өөр хүнээс хүүхэд олно. Хүүхдийнх нь аав Мандахын шавь, бүжигчин залуу. Мэдээж хэрэг тэр энэ бүхнийг нөхрөөсөө нуулаа. Гэвч санаандгүй тохиолдлоор Өлзий эхнэрээ тэр залуутай тэврэлдэж зогсохыг хараад аянга ниргэсэн мэт болно. Хөл хүндтэй эхнэрээ урьдынхаас илүү хайрлаж, аав болох өдрөө тэсэн ядан хүлээж байсан түүний сэтгэл мөс шиг хөрч, гэрээсээ явна. Архи уун, өдөр хоногийг өнгөрөөж явсаар, нэгэн удаа хуримын бөгжөө зарахаар гудамжинд халамцуу зогсож байхад нь Чадраа тааралдана. Багынхаа найзын гундуу явахыг хараад сэтгэл нь хямарсан Чадраа түүнийг гэртээ авчирна. Тэднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найзыгаа амьдралд хөл алдахвий хэмээн эмээхдээ Чадраа Өлзийг Энэрэлийнд дагуулж ирнэ. Энэрэл Өлзийг одоо хүртэл хүлээсэн хэвээр ажээ. Хүүхдийг нь гаргаснаа өөр амьдрал зохиосон Өлзийд хэлээгүй байна. Хорь хүрч яваа хүү нь гадаадад ажилладаг аж. Өлзий, Энэрэл хоёр хамт амьдрах болов. Гэтэл Өлзийг хөдөө ажлаар явсан хойгуур Мандах хүүхдээ төрүүлэх гэж байгаад нас баржээ. Амьсгал хураахаасаа өмнө амжиж бүсгүй Чадраад бүх үнэнийг хэлнэ. Мандахын үхэлд өөрийгөө буруутай хэмээн бодсон Чадраа сэтгэлийн хямралд орж, эхэр татан уйлна. Тэгээд Өлзийд бүгдийг хэлнэ. Энэрэлтэй хоёулаа хүү рүүгээ явах гэж байсан Өлзий өөрийнхөө гэрт Мандахын орчлонд үлдээгээд явсан бяцхан хүүг тэврэн уйлан сууна. Киноны төгсгөлд Энэрэл хүү дээрээ очих бөгөөд тэр нь Мандахын шавь, хүүхдийнх нь аав болохыг үзэгчид харна.


Киноны үйл явдал товчхондоо ийм. Ийм нэгэн шинэ уран бүтээл танд таалагдсан уу? Хошин урлагийн жүжигчид маань энэ кинонд хэр чадварлаг тоглосон бэ? Үргэлж тайзан дээр инээж зогсдог Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёр харууслын нулимс бөмбөрүүлэн суухад ямар санагдсан бэ? Бидэнтэй саналаа хуваалцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж