Волейболын ААШТ Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Волейболын ААШТ Улаанбаатарт болно

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын хоёр дахь удаагийн тэмцээнийг ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблейн хурлаас тус тэмцээнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 9-15-нд Монголд зохион явуулахаар шийдвэрлэжээ.

Тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С.Ламбаа удирдан, Зохион байгуулах хорооны даргаар БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, нарийн бичгийн даргаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар ажиллах юм байна.  

Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж, удирдан явуулах ажээ. Одоогийн байдлаар Тайланд, Узбекистан, Непал, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг найман орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна. Цаашид Япон, Тайвань, Хонгконгийн багууд оролцох талаараа ярилцаж байгаа ажээ. Оролцох эцсийн мэдүүлгийг 2012 оны  гуравдугаар сарын 9 хүртэл хүлээн авах юм байна.

Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн төвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМ Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар,  П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч, өндөр амжилт үзүүлж байжээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс дахин медаль авах бүрэн боломжтой.                          
  
Манай орны оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож  1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан юм.

 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж