Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

100 хүний баяр хийхсэн

Манайхан үнэндээ дэл­хийн хаана ч байхгүй үйлдлийг үзүүлэхдээ гар­гууд улс. Энэ нь дэлхийн талыг эзэлж явсантай нь холбоотой биз ээ. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан “100 Ланд круйзерийн баяр” хийсэн гэнэ шүү. Мөн энэ нутгаас гаралтай олны танил хүн “1000 тэмээний баяр” хийх санаачилга гарган хэрэгжүүлж байсан санагдана. За тэгээд удахгүй Ханбогд сумынхан гэрт суухаа больсны баяр ч хийж мэдмээр юм байна лээ. Учир нь тус суманд хоёроос дээш давхар л хаусууд байдаг гэнэ лээ. Энэ бол муу мэдээлэл биш шүү, манайхаан. Сайн, сайхан мэдээлэл. Хүмүүс гоё л амьдарч байна шүү дээ. Унаад явъя Ланд байна. Ороод сууя хаус байна. За тэгээд удахгүй том хот болон хөгжих магадлалтай тус суманд яваандаа олон баяр болох бололтой. Хотод жийп унаад явж байгаа хүн түүнийгээ их л хайрлаж унадаг бол Ханбогдод тэр машиныг уначихаад малдаа явдаг гэнэ лээ. Хэрэглэсэн шиг хэрэглэж байгаа биз. Өнгөрсөн жил хотод газар хөдөлнө гээд бөөн шуугиан дэгдсэн дээ. Тэгэхэд зарим баячууд жийпээ зусландаа аваачиж тавьсан гэж байгаа. Тэгээд өөрсдөө такси бариад хотод орж ирсэн гэсэн. Хүн техникийг бүтээсэн. Харин одоо техникээ дээдэлж, хайрлаж байгаагийн илрэл нь дээрх жишээ. Бас нэг жийп унасан жолооч явган зорчигчийг мөргөж унагачихаад машинаасаа бууж ирээд мөргүүлсэн  хүнээ загначихаад түүний мөргөж унасан хэсгийг нэг харчихаад яваад өгсөн гэх явган яриа ч байдаг. Саяхан Төв аймгийн Лүн суманд “Мянгат малчдын баяр” болж морь уралдуулж наадам хийсэн. Гэтэл нэг морь унаач хүүхэд эндсэнийг нэг их асуудал болголгүй намжаачихлаа. Бид ийм л сэтгэлгээтэй, гоё байгаа биз. Улаанбаатар хотод ч “10.000 Ланд круйзерийн баяр”, “10.000 хурдан морины баяр” болоход болохгүй юмгүй. Байгаа юмыг яая гэхэв дээ. Гэхдээ манай улсад 100 хүний баяр л үгүйлэгдэж байна. Хоёр сая гаруй хүн дотроосоо хүн шиг 100 хүнийг нь сонгоод сайхан баяр хийх юмсан. 

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж