Нинжа нараас татвар авах нь ”Лөөлөө” болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Нинжа нараас татвар авах нь ”Лөөлөө” болжээ

УИХ-аас өнгөрсөн онд Төсвийн тухай хуулийг батлахдаа хувиараа алт олборлогч иргэдээс олборлолтын татвар авахаар хуульчилсан. Ингэхдээ иргэн бүрээс сард 53 мянга, жилдээ 265 мянган төгрөгийг орон нутагт төвлөрүүлэхээр болсон юм. Эрдэс баялаг, эрчим хүчний яам­наас гаргасан тоогоор улсын хэм­жээнд 35100 иргэн хувиараа алт ол­борлодог байна. Харин аймгууд энэ тоог эрс үгүйсгэж байгаа бөгөөд хуульд заасан уг өөрчлөлтийг эргэн харах шаардлагатай хэмээж байна.  Одоогоор энэхүү тат­варыг ху­раах боломжгүй гэж үзэн ихэнх орон нутгууд Сангийн яаманд албан тоот хүргүүлсэн байна.

Энэ дагуу Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх таван тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх болсон. Энэ боломжтой юу?

-Боломжгүй. Одоо тэр татварыг төлөх нинжа нар нь ч алга. Сангийн яам­ныхны тооцоогоор манай аймагт 19 мянган иргэн хувиараа алт ол­борлодог юм байна. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-17-ны хооронд болсон хүн ам, орон сууцны тооллогоор манай аймагт 1287 ху­виараа алт олборлогч иргэн байна гэсэн баттай тоо гарсан шүү дээ.

-Тэгвэл одоо аймгийн төсөвт нэлээд асуудал гарч байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Бид арга ядаад Сангийн яамнаас зээл авсан шүү дээ. Тэгэхгүй бол хаа хаанаа сан­хүүжилт зогссон. Яг 954 сая төгрөгийн зээлийг энэ оны эхний гурван сард авсан. Одоо дөрөвдүгээр сард дахиад л зээл авна гэж бодож байна. Ер нь тэр татварыг яаж авах нь үнэхээр тодорхойгүй байна. Өдөр хоногийнхоо хоолны мөн­гийг аргалж чадахгүй байгаа хүмүүсээс яаж жилд 265 мянган төг­рөгийн татвар авах вэ дээ.

Энэ дагуу Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн улсын байцаагч Д.Шатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Татвар авахаар боллоо гэсэн мэ­дээлэл гарч байсан. Төрийн өн­дөр­лөгүүд орон нутагт ажиллаж бай­гаагаас ажиглаж байхад бие­лэл­тийн хувьд тааруу байгаа бо­лолтой?

-Өнгөрсөн оны аравдугаар сард энэ хууль батлагдсан. Ингэснээр нэг талаар төр хувиараа ашигт малтмал олборлохыг иргэддээ зөвшөөрч байгаа гэсэн үг. Ингэж зөвшөөрнө гэдэг нь тэдэнд зориулж төрийн үйлчилгээг үзүүлье, анхаарал тавья гэж байгаа хэрэг. Үүнээс үүдээд татвар, төлбөрийн асуудал гарч ирнэ. Нийтдээ сард 53 мянган төгрөг хураахаар болсон гэж ойлгож болно. Харин татвар хураалтын хувьд сайнгүй байгаа. Гэхдээ иргэн хүний үүднээс энэ асуудалд хандахад уг татварыг авах ёстой, төлүүлэх ёстой.

-Нутгийн захиргааны байгуул­лагууд нь алт олборлож байгаа ир­гэдийнхээ тоог ч гаргаж чадахгүй байна. Тийм байгаа ч гэсэн энэ бо­ломжтой юу?

-Орлогын албан татвар, нөө­цийн татвар ч төлөх ёстой. Энэ бол иргэн хүний үүрэг. Энэ аж­лыг зохицуулахаар орон нутагт нө­хөрлөл бий болж орон нутгийн захир­гааныхантай гэрээ байгуулах ёстой. Мөн авсан алтаа үнэн зөв хэмжиж тушаах ёстой. Алтыг ченжүүд аваад гадагшаа гаргаад байна шүү дээ. 53 мянган төгрөгийн татвар их байна гэж үзэж болохгүй. Нэг грамм алт л 50 гаруй мянган төгрөг болно. Сард нэг грамм байтугай алт олборлож байгаа байх.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж