С.Батболд: Лидерүүд байхыг хүсье

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

С.Батболд: Лидерүүд байхыг хүсье

Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний төвүүд хамтран 2011 оны шилдэг сурагчдыг шалгаруулснаа өнөөдөр зарлаж, шагналыг нь гардууллаа.

 Шалгаруулалтыг хийхдээ 17 аймгийн 200 гаруй сурагч дундаас шигшиж, нийт долоон номинациар 20 сурагчийг шилдгээр шалгаруулсан байна. Тэд сурлага, урлаг, спортын амжилтаараа үеийнхнээ тэргүүлсний зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хөдөлгөөн өрнүүлж бусдад туслахын сайн сайхан чанарыг өөрсдийн биеэр үлгэрлэж чадсан шилдгүүд аж. Тухайлбал, сурлагын амжилт, танин мэдэхүйн номинациар нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн есдүгээр ангийн сурагч Ш.Золбаяр 2011 оны шилдэг сурагч боллоо. Тэрбээр есөн жилийн турш “A” үнэлгээтэй суралцаж байгаагийн зэрэгцээ Кембриджийн боловсрол олгох тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад түрүүлж “Энержи ресурс” компанийн тэтгэлэг хүртсэн байна. 2010 онд нийслэлийн Оюунлаг хүүхдээр шалгарсан, Индонези улсад зохион байгуулсан Олон улсын математикийн олимпиадаас хүрэл, Улсын математикийн олимпиадын үнэмлэхүй аварга, тусгай дээд шагнал хүртсэн. Энэ онд дүүрэг хот, нэрэмжит улс, олон улсын чанартай математик, физик, монгол хэлний олимпиадад амжилттай оролцож 190 гаруй медаль хүртсэний 100 гаруй нь алтан медаль аж.

Тэгвэл Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинацид Шилдэг сурагчийн шагнал хүртсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 11 в ангийн сурагч Э.Элбэрэлт нь Япон улсад болсон байгалийн гамшигт өрсөн хүүхдүүдэд туслах “Тусч хүүхдүүд” хөдөлгөөн өрнүүлсэн байна. Мөн хүнд өвчин туссан Д.Амарбаясгалан, Чинхүсэл нарт туслах хандивын аян өрнүүлж 2.2 сая төгрөг цуглуулж сэтгэлийн дэм үзүүлжээ. Одоо сургуулийнхаа хэмжээнд “Атга будаа” аяныг өрнүүлж буй гэнэ.

Үеийнхнээ манлайлан 2011 оны шилдгээр шалгарсан 20 сурагчид Монгол Улсын Ерөнхий сайд шагналыг нь гардуулсныхаа дараа үг хэллээ. Тэрбээр “Шилдэг залуустаа шинэ оны мэнд хүргэж мэндчилье. Та нар бол Монголын ирээдүй, бидний бахархал, үеийнхнийхээ үлгэр дууриал болсон залуус. Энэхүү шагнал та бүхэнд улам их үүрэг хариуцлагыг хүлээлгэж байна. Монгол Улс одоо хөгжлийн гараан дээрээ ирээд байна. Энэхүү хөгжлийг бий болгохын тулд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш олон зүйлийг урагшлуулж чадлаа. Тэр дундаа Монгол хүний хөгжилд онцгой анхаарч ажиллалаа. Монгол хүн эрүүл чийрэг, өндөр боловсролтой, ажилтай, орлоготой байвал Монгол Улс хөгжинө гэж үзэж энэхүү үзэл баримтлалаа бодлогынхоо төвд тавьж ирсний үр дүнг та бид хамтдаа ирэх жилээс үзнэ. Харин та бүхэн ирээдүйд энэ эрчээрээ сурлага, урлаг, спорт, нийгмийн хариуцлагатай хүмүүнлэгийн үйл ажиллагааг манлайлж хамт олноо авч явах лидерүүд байхыг Ерөнхий сайдын хувьд мөн ахын хувьд та бүхнээсээ хүсч байна” гэсэн юм.

2011 оны шилдэг сурагчаар долоон номинацид 20 сурагчийг шалгаруулсан юм. Тодруулбал, сурлагын амжилт, танин мэдэхүйн номинацид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр сургуулийн 11-д ангийн сурагч Б.Баатархүү, мөн сургуулийн сурагч Э.Оргил-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 11-в ангийн сурагч Б.Хуншагай нар шилдэг боллоо.

Урлаг уран бүтээлийн номинациар Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн 8-в ангийн сурагч С.Алтан-Эрдэнэ, Хөгжим бүжгийн коллежийн 9-а ангийн сурагч Г.Болормаа шалгарчээ.

Биеийн тамир, спортын номинациар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 11-б ангийн сурагч Б.Баярмаа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 сургуулийн 11-д ангийн сурагч Б.Мөнгөнчимэг, Төв аймгийн Бүрэн сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” клубын тамирчин Б.Самданжамц нар хүртлээ. Мөн уг номинациар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 10-б ангийн сурагч С.Ханбүргэд, Дорнод аймгийн Баян-Уул сумын 11-а ангийн сурагч Г.Ундармаа нарын нийт 20 сурагч шалгарлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж