Араб лигийн ажиглагчид Сирид очжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Араб лигийн ажиглагчид Сирид очжээ

НҮБ-ын шинжээчдийн мэдэгдэж буйгаар Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцрохыг шаардсан иргэд болон Засгийн газрын цэргүүдийн хоорондох сөргөлдөөний улмаас  5,000 гаруй хүн амиа алдсан байна. Тус улсад Араб лигийн 50 ажиглагч очсон нь олон сар үргэлжилж буй цуст сөргөлдөөнийг эцэс болгох бүс нутгийн орнуудын төлөвлөгөөний нэг хэсэг аж. Ажиглагчдыг ирэхийн өмнө Хомс хотын ойр орчим буудалцаан болж, 30 гаруй хүн амиа алдсан тухай мэдээ иржээ. Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн. Сирийн Засгийн газар зөвхөн зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэж мэдэгдэж байгаа ч жирийн олон иргэд амиа алдсан юм. Сирид гадаадын сурвалжлагчдыг оруулахыг хориглосон тул тус улсын нөхцөл байдлын талаар тодорхой мэдэх аргагүй байгаа аж. Өчигдөр Хомс хотын Баба Амр дүүрэгт гарсан сөргөлдөөний үеэр 18 хүн амиа алдсан талаар Лондон дахь Сирийн хүний эрхийн төвөөс мэдээлсэн байна. Араб лигийн тэргүүн Набил аль-Арабийн хэлж буйгаар гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан Сирийн эрх баригчид хүчирхийллийн зогсоож, хоригдсон энгийн иргэдийг суллан, зэвсэгт хүчнийг босогчдын эсрэг турхирахаа зогсоох арга хэмжээ авч буй эсэхэд ажиглагчид хяналт тавих ажиллагаа долоо хоног үргэлжлэх гэнэ. Араб лигийн ажиглагчид ирэх сургаар Сирийн эрх баригчид баривчлагдсан босогчдыг ажиглагчид орох эрхгүй цэргийн хуарангууд руу шилжүүлж байгаа тухай жагсагчид мэдээлжээ. Тэр бүү хэл цэргийнхний гарт амиа алдсан энгийн иргэдийн цогцсыг Хомс хотын моргоос нүүлгэн шилжүүлсэн байна. Цэргээс оргосон олон оргодол  Засгийн газрын цэргүүдийн эсрэг тэмцэхийн тулд Сирийн чөлөөлөх армийн босогчидтой нэгдэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж