Лех Качиньскийн намтар

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Лех Качиньскийн намтар

Варшаваас Смоленскийн чиглэлд нисч байсан Ту-154 онгоц Москвагийн цагаар 10:56-д сүйрч, онгоцонд  байсан 132 хүн амь үрэгдсэн харамсалтай үйл явдал өнөөдөр болсон билээ. Энэ осолд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский эхнэрийн хамт  өртөж, нас барсан  юм.  Онгоцны ослоор амь үрэгдсэн Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн намтрыг нийтэлж байна.

Варшав хотноо 1949 оны зургадугаар сарын 18-нд инженерийн гэр бүлд төржээ. Түүний эцэг Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин ба Крайовой армийн офицер, эх нь 1944 оны Варшавын бослогод оролцож байсан хэл судлаач хүн байв. Талийгаач 13 настайдаа ихэр Ярославын хамт “Сарыг хулгайлсан хоёр” гэсэн нэртэй хүүхдийн үлгэрийн кинонд тоглосон байна. Тэр нь одоо хүртэл польш хүүхдүүдийн үзэх дуртай кино юм. Лех Варшавын их сургуулийн хуулийн факультетад суралцсан ба 1972 онд магистр хамгаалжээ. 1979 онд докторын зэргийг Гданьскийн их сургуульд хамгаалсан ба 1990 оноос уг их сургуулийн багш байлаа.
Улс төрийнхөө карьерыг тэрээр Ажилчдыг хамгаалах хорооноос (Biuro Interwencji Komitetu Obrony Robotników. Польш хэлээр) 1977 онд ажилласнаар эхэлжээ. Тухайн үедээ тэр нь коммунизмын эсрэг нууц үйл ажиллагаа  байсан юм. 1980 онд Гданьскийн ажил хаялтын хорооны хуулийн зөвлөх байсан ба Польшид онц байдал тогтоосны дараа тэрээр 11 сар шоронд хоригдов. Шоронгоос гарсныхаа дараа “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн нэгэн комиссыг толгойлж байлаа. Хожим тэрээр сейм ба сенатад сонгогдон гишүүн нь болсон юм. Польшийн ерөнхийлөгчийн захиргаанд Үндэсний аюулгүй байдлын товчоог толгойлж байгаад Дээд хяналтын танхимыг удирдах болжээ. Мөн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан юм. Ихрийнхээ хамт 1991 онд “Эрх зүй ба шударга ёс” гэдэг улс төрийн намыг байгуулсан ба жилийн дараа Варшав хотын захирагчаар сонгогдсон байна. Качиньскийг хотын захирагч байх үеэр тэнд Чеченийн анхны ерөнхийлөгч Жохар Дудаевын нэртэй талбай гарч ирсэн билээ.
2005 оны сонгуулиар тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний уриа нь христийн үнэт зүйлсийг эргэн сэргээх “ёс зүйн шинэчлэл” байлаа. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Зүүн Европт байрлуулах асуудлаар Америкийг тэр дэмжсэн юм. Польшийн ард түмнийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоморголон устгахад Украины үндсэрхэг үзэлтнүүд буруутайг хүлээн зөвшөөрсөн нь маргаан үүсгээд байсан Польш-Украины харилцааг тэр эргэн харсан байна. Лех Качиньский Владимир Путин болон түүний бодлогод шүүмжлэлтэй хандаж ирсэн юм.
Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж