“Камертон”-чууд “Камертон-2” төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Камертон”-чууд “Камертон-2” төрүүлнэ

Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз, “B” продакшн  хамтран Монголын урлагийн ертөнцөд тэсрэлт хийх гэж байна. Монголын поп урлагийн супер оддын нэг “Камертон” хамтлагийн залуус “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон-2” төсөл эхлүүлж байгааг өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор зарлалаа.

“Камертон-2” төслийн хүрээнд “Камертон”-ын залуус дөрвөн гишүүнээс бүрдэх шинэ хамтлагийн залуусыг сонгон шалгаруулах юм. Монголын рок, поп урлагт өнгө нэмэх шинэ хамтлаг бий болгох төсөл таван үе шаттай хэрэгжих бөгөөд 15-25 насны залуусыг “Камертон-2” төсөлд урьж байна. Таван үе шат бүхий шалгаруулалт реалити шоу хэлбэрээр үзэгчдийн хүртээл болох ажээ.

Төслийн шалгаруулалтын бүртгэл ирэх оны нэгдүгээр сарын 1-20-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Дараагийн шат буюу телевизийн бичлэг хоёрдугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний хугацаанд өрнөж, олон нийтэд хүрэх юм. Энэ хугацаанд авьяас чадвараа сорин өрсөлдөх залуус амьдаар дуулж, видео шалгаруулалтад оролцон, бичлэгтэйгээр болон амьд хөгжимтэй дуулах зэргээр өрсөлдөнө. Мэдээж “Камертон” хамтлагийн залуус төслийн ерөнхий шүүгчээр ажиллах бөгөөд шалгаруулалтын үеэр гэнэтийн сюрприз болгон содон зочдыг урьж оролцуулах ажээ.

“Камертон-2” төслийн зохион байгуулагчид болох “B production”, Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз хамтран шинээр төрүүлэх хамтлагаа байгуулаад орхих бус таван жилийн турш ерөнхий продюсерээр нь ажиллах юм байна. Шалгаруулалтаас тодорсон залуус ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын сангаар бүрдэж буй 50 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурж, төсөл хэрэгжих хугацаанд реклам сурталчилгаанд тоглох боломж нь нээгдэх юм билээ.

“Камертон-2” төслийн талаар “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдоос цөөн асуултад хариулт авлаа. 


-“B” продакшнаас “Боловсрол суваг” телевизтэй хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн зорилгыг тодорхойлж, цөөн үгээр хэлэхгүй юу?

-“Камертон” хамтлаг, “Боловсрол суваг” телевиз хамтран шинээр байгуулах хамтлагийнхаа уран бүтээл хийх явц, стиль имижийг бүрдүүлэх гээд бүхий л үйл ажиллагааг нь продюсерлэх юм. “Камертон” хамтлагийн өнгө төрх болоод дуулах хэв маягийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, цаашдаа Монголын рок поп урлагаа төлөөлөн олон улсад гарч чадах, хамгийн гол нь удаан хугацаанд оршин тогтнож чадахуйц хамтлагийг бид хайж байгаа юм.

-Та “Камертон” хамтлагт ямар залуус ирээсэй гэж хүсч байгаа бол?

-Удаан хугацаанд оршин тогтнох чадвартай, олны урлагийн мэдрэмжид хүлээн зөвшөөрөгдөх авьяастай залуус байгаасай гэж хүсч байна. Хамтдаа удаан хугацаанд оршин тогтнох сэтгэл зүй, эв найрамдалтай байх нь мэдээж том шалгуурын нэг гэж бодож байна.

-Ирэх зун гэхэд “Камертон-2” хамтлагийг өлгийдөж авах нь гэж ойлголоо.  Уг төслийн хүрээнд цаашид төлөвлөсөн ямар ажлууд хийгдэх вэ?

-Хамтлаг хамтаараа сайн байхын тулд юу хийх ёстой билээ тэр бүхний төлөө бид ажиллана.  Цомог, уран бүтээл, тоглолт гээд ажил олон байгаа. Төслийн хүрээнд төлөвлөсөн бодитой ажлын төлөвлөгөө ч нилээд бий.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж