Хоёр шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Хоёр шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод энэ сарын 20-нд хүүхдийн хоёр шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нар оролцов. Энэ жил Хэнтий аймгийн хэмжээнд нийт 450 хүүхдийн таван цэцэрлэгийн барилга шинээр баригдан ашиглалтад орж байна. Тус бүр 100 хүүхдийн дээрх хоёр цэцэрлэгт 34 ажлын байр шинээр бий болжээ. Уг цэцэрлэгийн барилгуудыг УИХ-ын гишүүн Н.Ганбямбын багцаас нийт 840 сая төгрөгөөр санхүүжүүлж, канад модон технологиор барьсан байна. Барилгынхаа хажууд авсаархан халаалтын зуухтай бөгөөд халуу дүүгсэн орчинд бяцхан хүүхдүүд сурч хүмүүжиж байна. Хоёр цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж сайд тоглоом бэлэглэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хувиасаа тус бүрт нь 500 мянган төгрөг гардуулж, аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар тус бүрт нь нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Цэцэрлэгүүдийн нээлтийн дараа Ё.Отгонбаяр сайд Өндөрхаан хотын сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзалт хийж, Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлыг товч танилцуулж, багш нарын санал хүсэлтийг сонсов. Сайд энэ үеэр багш нартаа УИХ-д оруулсан Боловсролын багц хуульд оруулсан боловсролын шинэчлэлийн талаар танилцуулж, “Шинэ зууны боловсрол” төслөөр багш бүрт компьютер, сургууль бүрт ухаалаг самбар олгох болсон тухай баяртай мэдээг дуулгав. Уулзалт дээр, Өндөрхаан хотын нэгдүгээр цэцэрлэг, яслийн барилгын чанар муудаж ашиглах аргагүй болсон тухай, “Тэмүүжин” сургуулийн шинэ барилга дээврээсээ ус гоожиж, хүүхдүүд 0-7 хэмд даарч чичрэн хичээллэдэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга удаан чанаргүй баригдаж байгаа, аравхан жилийн өмнө ашиглалтанд орсон дөрөвдүгээр сургуулийн барилга энд тэндээ суулт үүссэн талаар дээрх сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сайддаа хэлж санаагаа амраав. Сайд хэлэхдээ, эдгээр асуудлуудыг аймагтаа нэгтгэн Яаманд тавих, сургуулийн барилгуудыг чанаргүй барьж байгаа “Хар чонот” компанийн асуудлыг албан ёсоор тавьж энэ компанийг хар дансанд оруулж тендерт орох эрхийг нь хориглох хүртэл арга хэмжээ авч болно гэлээ.

И.Байгальмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж