2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

2011 оны дэлхийн онцлох үйл явдлууд

Олон улсад энэ онд сонирхолтой олон үйл явдал болж өнгөрлөө. Хаа сайгүй жагсаал цуглаан хүчээ авч, улс орноо олон жил дарангуйлан захирсан удирдагчид суудлаасаа буухаас эхлээд  хэний ч санаанд оромгүй үйл явдал олон боллоо. Энэ бүхнийг тоймлон хүргэе.

ЖАГСАГЧИД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙВ

Жимсний наймаанд ногдуулсан өндөр татварыг төлж чадахгүйд хүрсэн Тунисын нэгэн худалдаачин Засгийн газрынхаа ордны өмнө өөрийгөө шатааснаар Арабын хувьс­гал эхэлсэн юм. Түүний энэ үйл­дэл сая сая тунисчуудыг тэмцэлд уриалан дууджээ. Эцэст нь Тунисын төрийн эрхийг 23 жил атгасан Бен Али суудлаа орхиж, эх орноосоо дүрвэлээ. Египет, Ливи, Сири, Йемен, тэр ч бүү хэл Ойрхи Дорнодын хамгийн баян орон Саудын Арабт хүртэл эрх баригчдынхаа эсрэг тэмцэгчид үй олноороо бий болов. Египетийн сүүлчийн фараон, 30 гаруй жил төрийн толгойд байсан Хосни Мубарак жагсагчдад бууж өгч, Ливийг 41 жил удирдсан М.Каддафи ард түмнийхээ гарт хэрцгийгээр зэрэмдэглүүлэн амиа алдаж, харин үүнийг харуулсан бичлэгийг олон улсын мэдээллийн агентлагууд дэлхий даяар цацлаа. Газрын тосоор баялаг Ойрхи Дорнодын орнуудад ийнхүү ээлж дараалан төрийн эргэлт гарахад газрын тосны нөөц нь дуусч байгаа АНУ, баруун Европын орнууд нөлөөлсөн гэх таамгийг шинжээчид гаргав. Гэхдээ тэмцэгчид зөвхөн гивлүүр зүүсэн хүмүүс байсангүй.

ХААЛТТАЙ ОРНУУДАД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ГАРАВ

Коммунист тогтолцоотой Хятадад олон мянган хүнийг хамарсан жагсаал үе, үе болж байна. Гэхдээ тэнд оролцогчид төрийн эргэлт хийх том зорилго тавьсангүй. Харин газрыг нь хууль бусаар хураан хувьдаа авч, гэм зэмгүй хүний амь насыг хохироосон хэрнээ түүнийхээ хариуцлагыг хүлээдэггүй мужийн мяндагтнуудын эсрэг хөдөлж байгаа юм. Хойд хөрш Орост ч мөн олон мянган хүн оролцсон жагсаал болов. Ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших В.Путиний Нэгдсэн Орос нам Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн дүнд булхай орсон хэмээн буруутгасан оросууд 80 гаруй хотод эсэргүүцлээ илэрхийлжээ. ЗХУ задарснаас хойш Орост ийм том жагсаал болж байсангүй. Гэхдээ Орос, Хятадад болж буй эсэргүүцлийн хөдөлгөөн одоохондоо эрх баригчдаа солих дайны хүчтэй биш байна. Ардчилсан Америкт хүртэл жагсаал болов. Өөрсдийгөө “99 хувь”, тэрбумтнуудыг “Нэг хувь” хэмээн нэрлэсэн жагсагчид “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн зохион байгуулж, капитализмыг шүүмжиллээ. Энэ нь баруун Европын хөгжингүй орнууд, Япон, Өмнөд Солонгост хүртэл халдварлан тархаж байсан нь саяхан. Тиймээс “Time” сэтгүүлээс тодорхойлсон шиг 2011 он бол яах аргагүй тэмцэгч, жагсагчдын жил боллоо. Түүнчлэн эрх баригч нь со­лигдсон өөр нэгэн орон Хойд Солонгос боллоо. Гэхдээ дэглэм нь хэвээр үлдэв. Хойд Солонгосыг 17 жил удирдсан Ким Чен Ир зүрхний шигдээсээр нас барж, түүнийг залгамжлан хүү Ким Чен Ун нь төрийн эрхэнд гарлаа. Уг нь Ким Чен Ир цөмийн зэвсгийн талаарх зургаан талт хэлэлцээрийн ширээнд суух гэж байсан. Харин Ким Чен Ун ирэх хавар цөмийн туршилт хийхээр болсныг хэвлэлүүд мэдээлэв. Тиймээс Солонгосын хойгийн хурцадмал байдал даамжирч магадгүй болжээ. Мөн Украйны Ерөнхий сайд асан, жүржийн хувьсгалын баатар Юлия Тимошенко шоронд хоригдсоны зэрэгцээ биеийн байдал нь эрс муудаад байгаа юм.

САНХҮҮГИЙН ХЯМРАЛ ДАХИН НҮҮРЛЭЖЭЭ

Санхүү, эдийн засгийн хямралын хоёр дахь давалгаа эхэлжээ. Евро бүсийн орнууд өрийн хямралаас болж евро хэмээх валютаа алдахад хүрээд байна. Европын холбоо, Олон улсын валютын сан Грект хоёр дахь удаагаа их хэмжээний зээл олгож, Исланд, Португальд санхүүгийн тусламж үзүүлсэн. Гэвч эдийн засгийн тогтворгүй байдал намжсангүй. Бүр Итали, Испани, Франц гэх мэт Европын томоохон орнуудад тархаж, тэдгээр орны Засгийн газрын бондын хүү өсч, өрөө төлж чадахгүйд хүрлээ. Эцэст нь төсвөө их хэмжээгээр танахаас өөр аргагүй болсон олон орны Засгийн газрын тэргүүн нар солигдсон юм. Өнгөрсөн онд Испани, Ирланд, Португаль, Грек, Итали, Финланд, Дань, Словакийн Ерөнхий сайд нар албан үүргээ хүлээлгэн өгсөн билээ. Хямралыг намжаахын тулд Европын холбооны зарим орон эдийн засгийн шинэ нэгдэл байгуулж, бүсээ чангалахыг уриалсан. Гэвч Евро бүсийн хамгийн тогвортой эдийн засагтай орнууд болох Их Британи, Унгар энэхүү шинэ нэгдэлд орохоос татгалзав. Еврогийн ханш тогтворгүй болж, Европын зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт суларснаас үүдээд олон улсын биржүүд дээр металл, түүхий эдийн  ханш огцом буурлаа. Оны эхэнд Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрч байсан зэсийн ханш оны эцэс гэхэд 6000 ам.доллар болсон юм.  АНУ-ын Засгийн газрын өр 14.3 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь тус улсын хуульд заасны дагуу авч болох өрийн дээд хэмжээнд тулж очив. Б.Обамагийн засаг захиргаа яахаа мэдэхгүй сандарч байх хооронд “Standard & Poors” агентлаг АНУ-ын зээлжилтийн зэргийг түүхэндээ анх удаа бууруулсан билээ. Ажилгүйдлийн түвшин өндөр гарч, төсвийн алдагдал ихэссэн зэрэг олон таагүй мэдээлэл АНУ-ын эдийн засгийг тодорхойлж байна. АНУ, Европын хөгжингүй орнууд хямарчээ.

БАЙГАЛИЙН ГАМШИГ БОЛОХ НЬ ИХЭСЛЭЭ

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр Японы зүүн өмнөд эрэгт цунами болов. Далайн давалгаа есөн метрийн өндөрт цацагдан 12 баллын хүчтэй газар хөдлөлт болж, энэ гамшгийн улмаас 16 мянган хүн амь насаа алдсан билээ. Газар хөдлөлтийн үеэр Японы “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын цөмийн реакторуудад гэмтэл гарч, их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдахад хүрсэн. Учирч болох  хор хөнөөл нь Чернобылийн ослынхоос хэд дахин давсан юм. Харин Японы мэргэжилтнүүд хагас жилийн турш шаргуу ажилласны эцэст цөмийн аюул өнгөрсөн тухай саяхан албан ёсоор зарлажээ. Энэ онд байгалийн гамшиг олон болсон. Японы цунамигаас гадна Пакистан, Тайланд, Филиппинд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, олон мянган хүний аминд хүрэв. Түүнчлэн АНУ-ын Техас мужид урьд өмнө нь болж байгаагүй хүчтэй хар шуурга болсон. Харин улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протоколын хэрэгжих хугацаа энэ онд дуусах байсан ч НҮБ-ын хуралдааны үеэр хугацааг нь сунгалаа.

ЕВРОПЧУУД ТЕРРОРИЗМД ОРОЛЦОЖ ЭХЛЭВ ҮҮ

Барак Обама Осама Бин Ладен амь үрэгдсэнийг өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор мэдэгдсэн билээ. Есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагчийг америкчууд арван жилийн турш эрэн сурвалжилж байсан юм. Ийнхүү алан хядах бүлэглэлийнхэн хумигдаж эхлэв үү гэтэл Европт олон хүний амь  насыг хохироосон хэрэг гарах болов. Европын хамгийн тайван улс болох Норвегийн Осло хотын гудамжинд Андерс Брейвик гэх 32 настай залуу өнгөрсөн долоодугаар сард гэгээн цагаан өдөр 77 хүний амь насыг хөнөөжээ. Норвегийн шүүх эмнэлгийн эмч нар түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн тодорхойлсноор шүүхээс А.Брейвикт хэдхэн жилийн ял оноож магадгүй болчихоод байна. Түүнчлэн Бельгийн Льеж хотод гудамжинд байсан хүмүүс рүү буудаж, долоон хүний аминд хүрснийхээ дараа бөмбөг дэлбэлсэн этгээд амиа хорлосон билээ. Европын хамгийн тайван хотуудад болсон эдгээр хэргийг үйлдэгчид исламын алан хядах бүлэглэлүүдтэй ямар ч холбоогүй, жирийн европ хүмүүс байсан юм.

Дашрамд дурьдахад, Ж.К.Роу­лингийн бүтээсэн шидтэн хүү Харри Поттерын тухай зохиолоос сэдэвлэсэн цуврал киноны сүүлчийн анги энэ онд гарсан билээ. Амьдралын боломж тааруу, Английн жирийн нэгэн эмэгтэйг саятан болгосон энэхүү зохиолын ачаар “Уорнер Брос” кино компани олон зуун сая ам.долларын ашиг олж чаджээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж