Шинэ оны өмнөх шуурхайлсан хуралдаан

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Шинэ оны өмнөх шуурхайлсан хуралдаан

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар ангийнхандаа “гамшиг” хэмээн нэрлүүлэх болсон Н.Батбаяр гишүүн багахан хэмжээний “гамшиг” тарих шахав. Тэрбээр УИХ-ын гишүүн З.Энхболдтой нийлж гишүүдийг түүхээ мэддэггүйгээр нь дуудаж нэлээд бухимдуулаад амжсан. Тус хуралдаанаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр хэмээн нэрийдэн бүх нийтийн амралтын өдөр болгон зарлах эсэхийг хэлэлцэх эсэх нь асуудал үүсгэж нэлээд маргаан тарьсан. Учир нь жил бүрийн тус өдөр үндэсний бөх барилдуулж цол олгох гэсэн саналыг ихэнх гишүүд эсэргүүцэж байсан. Харин УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүх нийтийн амралтын өдөр болгон зарлахаар болсон юм. Гэхдээ бөхчүүдэд шинээр дахин цол олгохгүй байхаар тогтсон.

Н.Батбаяр гишүүнээс илүү Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын гишүүдийг бухимдуулж, чуулганаас завсарлага авахад хүртэл хүргэж, Сонгуулийн ерөнхий хорооныхныг огцруулах асуудал ч хөндөгдөж эхэллээ. Учир нь тус хорооныхон Сонгуулийн тухай хууль баталсны дараа авахаар төлөвлөсөн байсан автомат санал тоологчийг “будлиу” машинаар солих болсон тухайгаа сонсгож УИХ-ын гишүүдийн тархинд цус харвуулах дөхөв. “Будлиу” гэсний учир нь тэдний сонгосон автомат тоологч гэгдээд байгаа машин нь ердийн скайнер хэмээн УИХ-ын зарим гишүүн үзэж байгаа аж. Үүнээс нь болж Ардын намынхан чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаас завсарлага авч энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооныхныг АТГ-д шалгуулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ УИХ-ын гишүүн З.Энхболд мэдэгдээд буй юм.

Үүнээс гадна Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц хуулийн төслийг баталсан юм.  Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээр ашигт малтмалаас орж ирэх ашгийн тодорхой хувийг тогтворжуулалтын санд байршуулж, төсвийг тэнцвэржүүлэн эдийн засгийн эрсдлийг бууруулах боломжтой болно гэж гишүүд үзэж байгаа аж. Мөн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгснөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэх бололцоо бий болж байгаа аж. Ингэснээр төсөвт тавих хараа хяналт ч сайжрах боломжтой юм байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар гишүүд  хэд хэдэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсны нэг нь Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад байнгын хорооноос гарсан саналуудаар санал хураалт явуулах явцад УИХ-ын гишүүн П.Алтангэрэл энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж, “үндэсний үйлдвэрүүдийг дэмжээд өгөх хэрэгтэй” гэж байсан юм. Тэрбээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал дээр Эрдэс бялаг, эрчим хүчний яамныхан үндэсний компаниудыг ялгаварлаж байгааг сануулж “Төр нь гадны хөрөнгө оруулалттай компаниудад боломж олгосон атлаа  үндэсний компаниудад боломж олгохгүй байна” хэмээсэн юм.  Түүний үзэж байгаагаар гадны хөрөнгө оруулалттайгаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад тухайн үйлдвэрүүд нь түүхий эдээ импортлох учир шатахууны хараат байдлаас гарахгүй хэмээн үзэж байгаа аж. Харин үндэсний үйлдвэрүүддээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эрхийг нь өгвөл  тэд түүхий эдийн нөөцтэй газраа түшиглэн хараат байдлаас гарах боломжтой аж. Харин үүний хариуд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  “Зөвшөөрөл өглөө гэхэд үндэсний компаниудын чадавхи хүрэхгүй. Тиймээс энэ асуудалд төр тодорхой хэмжээгээр оролцож, зохиуцуулж байж шийдэлд хүрнэ” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд нэлээд идэвхтэй оролцов. Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийг баталсантай холбоотой өөрчлөгдөх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Дээрх хуулийн төслүүдийг хэрхэх талаар хэлэлцэх үед Н.Ганбямба гишүүн өөрийн санаачилсан хуулийн төслийг хамгаалж, хэлэлцүүлгийн шатанд авч үлдэхээр болж чадсан. Мөн тэрбээр баасан гарагийн хуралдаанаар Засгийн газарт тавьсан асуулгынхаа хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор дамжуулан авсан юм. Ц.Нямдорж  түүний асуулгын хариу болгон Замын цагдаагийн газар, Тээврийн прокурорын газрынхан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж