Монголын хууль ”…” хоног

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Монголын хууль ”…” хоног

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Хуультай холбоотой олон хэлц, зүйр үгс бий. Хамгийн түгээмэл нь “Монголын хууль гурав хоног”, “хуулийг гууль болгох”, “хуулийн цоор­хой” гэх мэт. Аль болохоор л хуу­лийг баримтлахгүй байх, түүнээс зайлс­хийх гэсэн төрөлхийн гэмээр араншин монголчуудад маш хүчтэй илэрдэг.

Нууц товчоонд дурьдсанаар Чин­гис хаан гавьяа байгуулсан өрлөг, шадруудаа “… тооны гэмийг өршөөх” гэсэн агуулгатай шагналаар шагнадаг байж. Хийсэн гэм нүглийнх нь  төлөө биш, хийж магадгүй алдаа дутагдлынх нь төлөө өршөөх, бүр тоо заагаад урьд­чилаад хэлтрүүлэх ийм төрлийн шаг­налыг эрх зүйн зохицуулалттай өөр ямар ч ул­сын түүхээс олж уншихгүй байх аа даа.

Манай Чингис хаанаас хамаагүй өмнө, манай эриний өмнөх 439 онд эртний Ромд баталсан “12 хүснэг­тийн хууль” гэж алдартай хууль бий. Энэ хуулиар хөршийн чинь талбайд ургасан мод танайхыг сүүдэр­лэвэл яаж шийдэх, иргэд хоорон­дын эд хөрөнгийн маргааныг хэрхэн шийдвэрлэх, эр нөхөртэй байж бусадтай завхайрсан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэх мэтчилэн маш нарийн харилцааг хуульчсан мөрт­лөө урьдчилаад өршөөх тухай юу ч байхгүй л байгаа юм.

Гэхдээ монголчуудад өөр ямар ч үндэстнээс илүүтэйгээр хууль зарли­гийг дагаж ирсэн түүх бий. Чин­гис болон түүний хөвгүүдийн байл­дан дагууллын үед зуны цагт газар хөндсөн, бэлчээрийг зориуд шатаа­сан, ус голыг бохирдуулсан этгээ­дийг цаазаар авч, бусад олон орны хууль зүйн системд нөлөөлсөн алдарт “Их засаг” хуулийг даган мөр­дүүлж байв. Элчийг хамгаалж, дипломат ёсыг хөгжүүлэн, худалдаа най­мааг өргөжүүлэн амар амгаланг сахиулж байсан аугаа түүх зөвхөн хэн нэгэн ухаантан хааны зарлиг, тушаал төдийгөөр явж байсан байж таарах­гүй. Хэлбэрэлтгүй мөрдөгддөг, зохицуулалт сайтай сайн хууль байж гэмээнэ хэрэгжих учиртай.

Социализмын эхэн үед гадаадын, гадаад ч гэж дээ оросуудын шууд тулга­сан хууль тогтоомжуудыг орчуу­лаад л хэрэглэж эхэлсэн. Данзан тэргүү­тэй сэхээтнүүд өөрсдийн хүсч байгаа нийгмийг байгуулахад эдгээр нь огт таарахгүй гэдгийг анзаарч, шүүмжилж байсан боловч удал­гүй хороогдсоноор манай хуу­лиу­дын хувь заяа оросуудаас бүрэн хамааралтай болсон. Шүүхийн шийд­вэр­гүйгээр хэдэн мянгаар нь буу­даж болоод байхад юун тэр хууль манатай.

Нэг намаас, үзэл сурталаас, хэсэг бүлэг хүмүүсээс хамааралтай ний­гэмд хууль боловсронгуй байх, олон төр­лийн хуультай байх, дэлхийн жишигт нийцэх, төрт ёсны түүхэн уламж­лалыг хадгалах зэрэг асуудал огтхон ч падгүй. Хотоос “75-ын” гутал аваад хөдөө 100 төгрөгөөр зарчих­вал дамын наймаа хийсэн хэр­гээр шийтгүүлэх мөртлөө албан тушаа­лынхаа сүр хүчээр бусдын эрхийг зөрчих нь хэвийн үзэгдэл бол­сон социализмын он жилүүдэд Б.Чимид, Ж.Амарсанаа тэргүүтэй манай нэртэй хуульчид төрөн гар­сан. Тэд 1990-ээд оны эхэн үед ардчилсан нийгмийн хууль тогтоом­жын загвар ямар байх ёстойг тодор­хойлж, шинэтгэлийн үндсийг тавьсан нь тун гайхалтай явдал юм.

Шинэтгэл гэснээс манай энэ дуус­даггүй эрх зүйн шинэтгэл бусад олон салбарын хөгжлийг чөдөрлөж байна. Бүр сүүлдээ иргэд шүүх, хуу­лийн байгууллагад итгэл алдарч, тэд шударга ёсыг тогтооно гэдэгт итгэхээ больж эхэлсэн нь түгшүүрийн харан­га дэлдсэн үйл явдал мөн.

Шинэтгэл гэдэгт байгаагаа өөрчлөхөөс гадна байхгүйг нь бий болгох явдал мөн хамаарна. Манайд маш олон төрлийн хууль тогтоомж хэрэгтэй байна, гэхдээ нийгмийн амьдралд бүхэлд нь нөлөөлөхөөр, иргэн хүн хэвийн амьдрахад шаардла­гатай орчин нөхцлийг бүрдүүлэх болон эдийн засгийн хувьд улс орноо­роо урагшилж дэвшихэд шаард­лагатай амин чухал хуулиуд шүү. Эрүүгийн хууль тогтоомжын шинэт­гэл, моргэйжийн зах зээл болон даатгалын системийн иж бүрэн зохицуулалт, байгаль орчин хам­гааллын үр нөлөө, системтэй хууль гээд л тоочоод байвал мөн ч урт хөвөрнө дөө. Одоо­гийнхоороо байвал болох уу гэвэл болох л байх. Гэхдээ авилга улам гаарч, баялаг хэдхэн хүний гарт төв­лөрөн, эрх баригчид өөрт нь таалагдаагүй нэгнийг ямар ч аргаар хамаагүй шорон гянданруу илгээж, эргэлзээтэй ойлгомжгүй хөрөнгө оруулалтын орчинд нь цөөн хэдэн орны, бохир мөнгө эргэлдсэн, үндсэн хуулиндаа ардчилал гэсэн тунхагтай, үнэндээ бол улс төрөөс бүх зүйл нь хамаарсан тааруухан л газар болно доо, манай эх орон.

Батлан мөрдүүлэх шаардлагатай олон чухал хууль байхад тэдгээр нь улс орны хувьд үлэмж ач холбог­долтой байхад бөхийн цол олгох уу, олгохгүй юу гэдэг дээр хэрүүл хийгээд сууж байгаа манай парламент дэндүү ичгэвтэр харагдаж байна.  Анхнаас нь хууль гаргах шаардлагагүй, дүрмээр зохицуулаад болох байсан зүйл­ийг хэдэн жилийн өмнө нэг нь санаачилсан болж, нөгөө нь баталсан болж хий сүржигнэсний гай өнөөдөр ч үргэлжилсээр байгаагийн тод жишээ. Гэтэл УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаа бол ард түмнийхээ төлөө хууль боловсруулж, санаачилж, баталж байх ёс­той үнэт цаг хугацаа шүү дээ. Өөрсдөө чадахгүй бол ядаж бусдад боломж олгодог байх ёстой. Хууль зүйн үндэсний хүрээлэн олон жи­лийн турш судалгаа хийж, санал боловс­рууллаа. Үүнээс хэд нь хууль болж, хэд нь хууль тогтоомжид тусгалаа олов, хэн тэднийг сонсож байна гэвэл тун бага тоо гарна. Гэтэл тэнд чинь хуулийн ТМС гэж хэлүүлт­лээ чанар нь унасан оройн ангийг төгссөн их мэдэгчид биш, эрх зүйн шинжлэх ухааны зэрэг дэстэй судлаа­чид ажиллаж байгаа юм. Энэ цаг үе манай улсын хувьд үндэс­ний эрх зүйгээ төлөвшүүлэх, өөрс­дийн онцлогт тохирсон системтэй болох тун чухал цаг үе. Хууль нь батлагд­сан л бол мөрдөгддөг, шүүх нь аливаа хэрэг маргааныг зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэж, төрийн байгууллага албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл нь гагцхүү хуульд нийцдэг байхад системийг хэрхэн цогц­лоох, үндэст­нийхээ онцлогийг хэр­хэн тусгах вэ гэдэг нь голлох үүрэг­тэй. Зарим хуулиудыг гаднаас шууд орчуулаад хэрэглэхэд болж бай­хад зарим нэгнийг нь өөрсөддөө тохируулахгүйгээр, нийгмийн байдал, цаг үеийнхээ онцло­гийг харгалзахгүйгээр шууд авч хэрэглэвэл ямар сөрөг үр дагавар дагуулдгийн томоохон жишээ болдог. Үүний тод жишээ нь “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль” байна.

Парламентийн үүрэг юу вэ гэдгийг бид нэг л мартаад байх шиг. Тэд хууль тогтоох үүрэгтэй. Гэхдээ энэ нь юуг ч хамаагүй батлаад, санаач­лаад түүнийгээ тойроод хэрэл­дэж маргалдаад, жүжиг тавиад сууна гэсэн үг биш. Сонгуулийн хууль, төсвийн хууль хэлэлцэхээрээ танхим­даа багтаж ядан оволзчихоод шүү­хийн шинэтгэлийн тухай болохоор хөдөлж ядаад байгааг нь харахаар, ухаж гаргаагүй баялаг хуваарилж, бөхийн цол ярихыг нь сонсохоор “энэ хэд маань анх сонгогдох үедээ хийх ажлаа, үүрэг хариуцлагаа бүрэн ойл­госон л байдаг байгаадаа” гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Байдал энэ чигээрээ удаан үргэл­жил­бэл, зөвхөн УИХ төдийгүй хуу­лийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газар энэ маягаараа ажил­ласан хэвээр байвал тун удахгүй “Монго­лын хууль нэг хоног” гэж ярих байх. Гэтэл хэдэн арван жил тогтвор­той мөрдөгдөж байгаа хуулиудтай, түүндээ тулгуурлаад хөгжчихсөн улс орнууд зөндөө байна, цаана чинь.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж