News.mn “Төрийн мэдээлэл”-ийн шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

News.mn “Төрийн мэдээлэл”-ийн шагнал хүртлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн зөвлөл анхны нэрэмжит шагналын эзнээ өнөөдөр тодрууллаа. Шагналыг УИХ-ын Тамгын газрын дарга, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга Ц.Шаравдорж гардууллаа.

УИХ-ын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд бодитой, шуурхай мэдээлж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, сэтгүүлчид тухайн шагналыг олгож байхаар шийдвэрлэсэн юм.  Шагналтныг шалгаруулах санал асуулгад 22 сонин, 18 телевиз,  дөрвөн сайт, хэд хэдэн радио, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын 50 гаруй сэтгүүлч оролцжээ. Санал асуулгын дүнгээр мэдээллийн News агентлагийн News.mn сайт шалгарч өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн боллоо. Шагналыг “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа гардан авсан юм.

Анхны шагналаа гардуулах ёслолтой зэрэгцэн Төрийн мэдээлэл эмхэтгэл энэ оны сүүлийн 48 дахь дугаараа гаргасныг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрхлэгч Ж.Нэргүй танилцууллаа.  “Төрийн мэдлээлэл” эмхэтгэлэлд нийт 480 гаруй хууль тогтоомжийг хэвлэн нийтэлжээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөлийн дарга Ц.Шаравдорж дэлгэрэнгүй үг  хэлсэн юм.

Тэрбээр  “Номын эх төр, төрийн эх чуулган” гэсэн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сургамж үг бий. Үе, үеийн Монголын хаад дээдэс хууль тогтоох төрийн ёс жаягийг ягштал сахиж ирснийг энэхүү сургамж үг илтгэж байна. Үүний сацуу “Мэдэгтүн” хэмээн зарлигдаж байсан нь санамсаргүй хэрэг огт биш байжээ. Хууль  ёсыг сахихийг чухалчлахын зэрэгцээ олон нийтэд мэдүүлэхийг  зорьж байсныг  монгол төрийн түүх  нэгэнт данслан үлдээжээ. “Хуулийн ацаг шүд бүхэн нь ард түмний үйлс” хэмээж байсан нь үүний бас нэг нотолгоо юм.Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун” хэмээн тунхаглаж буй  нь Монгол Улсын шинэ үеийн ардчилсан төрийн тууштай баримталж буй нэг гол зарчим мөн.

Төрийн эрх барих үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг ард түмэндээ ойр дөт болгох, төрийн хууль тогтоомжийг бодитой хэрэгжүүлэх, түүнийг  тайлбарлан таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагууд  үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг Монгол Улсын Их Хурал,  түүний Тамгын газар бодитой үнэлж энэ чиглэлээр хийж буй ажлыг нь дэмжиж ирсэн, дэмжиж байгаа, цаашид ч дэмжих болно гэдгээ энд онцолж хэлмээр  байна.

Чухамхүү энэ үүднээс Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн Зөвлөл  оны дээд шагнал-“Хүндэт өргөмжлөл”-ийг анх удаа бий болгож байна. Ийнхүү “Хүндэт өргөмжлөл” бий болгож буй нь  Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааг олон нийтэд  үнэн , шуурхай мэдээлэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийг тайлбарлан таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагуудын оролцоог улам нэмэгдүүлэх, парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх, парламентын сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Шалгаруулалтыг бодитой болгох үүднээс бид парламентын сэтгүүлчдийн дунд санал  асуулга явууллаа. Шийдвэр гаргахдаа, хэвлэл, мэдээллийн 30 –аад байгууллагын 50 гаруй парламентын сэтгүүлчдийн санал бодлыг харгалзаж үзэв.  Мөн үүнээс гадна 22 сонин хэвлэл,  мэдээллийн дөрвөн сайт, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлаг, үндэсний болон арилжааны 18 телевиз, радиогийн байгууллагын саналыг тус тус авсан болно.Энэ бүхнийг нэгтгэж албан ёсны дүнгээ гаргалаа. Шалгаруулах, дүнгээ гаргахад амаргүй байсныг энд зориуд хэлүүштэй. Манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд  идэвхтэй оролцож саналаа илэрхийлснийг тэмдэглэхийн сацуу  олон байгууллага, хамт олон, сэтгүүлчид шалгаруулах болзлыг хангаж байсныг онцолмоор байна. Хэлэлцэж байж үгээ нийлүүлдэг, маргалдаж байж түүнийг мадаггүй болгодог парламентын жишгийн дагуу Ажлын хэсгийнхэн дүнгээ  мадаггүй бөгөөд бодитой гаргасан гэдэгт би эргэлзэхгүй байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн  2011 оны Нэрэмжит шагналтнаар  “News” агентлагийн “News.mn” сайт шалгарсан гэдгийг албан ёсоор Та бүхэнд зарлаж байна.

Энэ хамт олон Монголын сэтгүүл зүйн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг баттай эзэлж, ялангуяа Монгол Улсад хүнлэг, иргэнлэг, ёс зүйтэй сэтгүүл зүй, түүний дотор парламентын сэтгүүл зүйг зөв төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулсныг нь  үнэлж ийнхүү хүндэтгэн өргөмжлөв. Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд богино хугацаанд нийгмийн амьдралын хамгийн соргог мэдрэмжтэй, идэвхтэй хүчин байх, чөлөөт хэвлэлийн индэр, шударга үнэний дуу хоолой байх үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг дахин тэмдэглэж хэлмээр байна.
Цаашид уран бүтээлээ улам чамбай болгохын сацуу үг бүрээ нягталж, үзэг юугаа хурцалж, дуран авайн цэцээ нарийн тохируулан цагийг эзэлсэн олон сайн уран бүтээлээрээ олны сонорыг мялаах болтугай гэж ерөөе.Та бүхний бие сэтгэлээ чилээж, бийр үзгээ элээсний хэрэг бүтэх болтугай” гэлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр “Галбингаа” сургалтын төвийн багачууд ардын дууны цоморлигоор ая дуугаа өргөлөө.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж