“Би намдаа хандивын 50 сая төгрөг өгөхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Би намдаа хандивын 50 сая төгрөг өгөхгүй”

Ц.ОЮУНГЭРЭЛ: БИ “НАМДАА ХАНДИВЫН 50 САЯ ТӨГРӨГ ӨГӨХГҮЙ” ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭГ


Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ-ын 2012 оны сонгуульд тухайн намаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар боллоо. Харин УИХ-д суух эмэгтэйчүүдийн тоо хэд байх нь эргэлзээтэй байгаа. Харин АН эмэгтэйчүүдээ УИХ-д оруулах тал дээр хэр анхаарах бол?

-Үүнийг хуульчлаагүй. Тодорхойгүй, бүрхэг  үл­дээ­лээ л дээ. Тиймээс на­мууд дотор эмэгтэйчүүдийн нэ­рийг хэрхэн жагсаах талаар тохиролцоо, хэлэлцээ, тэм­­цэл өрнөнө гэсэн үг. Нам сонгуульд 76 хүн нэр дэв­шүүлнэ гэвэл 15 нь эмэгтэй байх ёстой. Үүний гуравны хоёр нь тойрогт хуваарилагдах 48-д орох ёстой байгаа. Нэг ёсондоо шударгаар хуваарилж чад­вал 48-ын 10 нь эмэгтэй байх ёстой юм. Харин намын нэрээр жагсаах 28 дотор үлдсэн тав нь орох учиртай. Гэхдээ нэр дэвших эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцааг шударга, тэгш байлгаж чадах эсэх нь аль ч намын хувьд эргэлзээтэй асуудал. Ямар ч байсан бид үүний төлөө тэмцэнэ.

-УИХ-ын Төрийн бай­гуу­лалтын хорооны дарга Ж.Сүх­баатар “Сонгуулийн тухай хуулийг боловсруулах явцад бу­сад намынхан “Нэр дэвших 15 эмэгтэйгээ хаанаас олно оо” гэж байсан. Манай намд нэр дэвших эмэгтэй хангалттай бий” гэж хэлж байсан. Түүний хэлсэнтэй санал нийлэх үү. АН-д УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөх чадварлаг эмэгтэй хэр байгаа бол?

-УИХ-ын 2008 оны сонгуульд АН-аас 13 эмэгтэй нэр дэвшиж байсан. Түүнээс 10 нь маш өндөр санал авч байсан юм. Ерөнхийдөө одоо яриад байгаа 28 хувийн  босгыг 10 эмэгтэй хангаж байсан гэсэн үг. Тэр утгаараа АН-д ирэх сонгуулийн үеэр  28 хувийн санал авч чадах 10 эмэгтэй бэлэн байна. Туршлага ч бий. Өмнөх сонгуульд нэр дэвшсэн 13 эмэгтэйгээс дахин нэр дэвшихгүй, тухайн үеийн сонгуулийн өрсөлдөөн хэтэрхий хатуу ширүүн байснаас бага санал авсан, шантарсан ганц нэг хүн бий. Тэгэхээр АН-д суурь байна. Бас анх удаа нэр дэвших гэж байгаа, нэр дэвших боломжтой, олон танигдсан эмэгтэйчүүд ч байна.

-АН-ын гишүүд ч “Манайд чад­варлаг эмэгтэй байхгүй” гэж хэлсэн бололтой юм. Эсвэл на­мын удирдлага, эрэгтэй гишүүд эмэг­тэйчүүдээ анзаарахгүй байна уу?

-Манай намын хувьд “Эмэг­тэй­чүүдээ яаж тодруулах вэ. Нэр дэв­шигчдийн жагсаалтад хэрхэн оруулах вэ” гэдэг зарчим нь хамгийн маргаантай байгаа юм. Түүнээс бус хүн байна уу, байна. Олонд танигд­сан, олны төлөө ажиллах сэтгэлтэй эмэгтэйчүүд хангалттай бий. Манай намын эмэгтэйчүүд ямар нэгэн бодлогын төлөө тодорхой байр суурь илэрхийлэх чадвартай. Улс төрийн итгэл үнэмшилтэй, хатуужил, тэвчээртэй, өрсөлдөх чадвартай.

-Чухам юу саад болоод тэдгээр эмэгтэйчүүд бусдаасаа ялгарч чадахгүй байгаа юм бол?

-АН-д байгаа олон эмэгтэйг олж харахад садаа болж буй ганцхан зүйл бий. Тэр нь 50 сая төгрөгийн босго. Намын удирдлагууд “УИХ-д нэр дэвшъе гэвэл та 50 сая төгрөг өг” гээд байгаа. Ийм жижигхэн, зоосны нүхээр харахаар цөөхөн эмэгтэй байгаа мэт санагдаж байгаа байх. “Хэдэн баян хүн байна” гэдэг нүдээр л харж байгаа гэсэн үг шүү дээ. Зоосны нүхээр харвал эмэгтэй, эрэгтэй аль, аль нь цөөрч харагдана. Харин хүмүүсийг энгийн, шударга нүдээр харах юм бол аль ч намд олон хүн байгаа. Ер нь аль ч намд “Хүнээ зөв, шударга нүдээр харж сурах” гэсэн хүндхэн даваа тулгараад байгаа юм. Би намынхаа эрэгтэйчүүдэд энэ талаар хэлдэг. “Та нар чадвартай эмэгтэй хүн байхгүй гээд байх юм. Нүдээ жаахан том нээ. Эргэн тойрноо арай энэрэнгүй, уужим нүдээр хар. Эмэгтэйчүүд хаа сайгүй байна” гэж хэлдэг. Гэтэл өндөр хана босгож, босго тогтоочихоод “Энэ ханыг даваад ороод ир” гээд байдаг юм. Тэгээд “Ороод ирвэл чинь та нарыг харъя” гэдэг. Зарим нь шударга бус хана босгодог. Түүнийг нь давж, нэвтэлж, цоолж харагдахыг хүсч байгаа хүн цөөрөөд ирдэг байхгүй юу.

-АН нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүдээсээ 50 сая төгрөг хэдийнэ аваад эхэлчихсэн шүү дээ. Тэгэхээр намаас нэр дэвших хүмүүсийг сонгох тал дээр шударга хандаж чадах юм болов уу? 

-Нэр дэвшүүлэх процессыг ил тод, шударга явуулах тал дээр ажиллах цаг хангалттай байна. Ярьж эхлэх цаг нь ч болсон. Нэр дэвшигчдийг зарлах хүртэл 3-4 сарын хугацаанд нам ажиллаж болно. Үүнд харин манлайлал хэрэгтэй.

-Хэн манлайлах хэрэгтэй гэж?

-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, ҮЗХ-ны манлайлал хэрэгтэй. Тэд “Ядаж нэг удаагийн сонгуульд жишиг тогтооё. Хүнээ хэрхэн шударгаар, ил тод сонгодог юм бэ гэдгийг туршиж үзье” гээд хөдөлбөл хийж чадахгүй зүйл байхгүй гэж бодож байгаа.

-Таны хувьд УИХ-ын 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшиж, өрсөлдөх бодолтой байгаа юу?

– Хаанаас нэр дэвших, нэр дэвших эсэх, яаж нэр дэвших гэсэн асуудал яригдаж эхлээгүй байна. Тэрийг нам удахгүй ярих байх. Тэр үед нь дуу хоолойгоо гаргаж болох байх.

-Тэгвэл 50 сая төгрөгийг нь өгсөн үү?

-Би 50 сая төгрөг төлөөгүй байгаа. Төлөхгүй гэж бодож байгаа хүмүүсийн нэг. Нам 50 сая төгрөгийн босго тавьсан энэ үед “Би тэндээс нэр дэвшинэ” гэж ярих нь ч зохимжгүй байна. Хамгийн гол нь “АН гишүүдээ шударгаар нэр дэвшүүлдэг нам болоосой. Жирийн эмэгтэй, бага, дунд орлоготой гишүүддээ ээлтэй нам болчихоосой” гэж хүсч байна.

-АН-аас нэр дэвших хүсэлтэй 100 гаруй хүн байгаа гэж байсан. Эмэгтэйчүүдийн хувьд 50 сая төгрөг өгөөгүй хүн хэр олон байгаа юм бол?

-Энэ мэдээллийг намын удирд­лагуудаас авсан нь дээр байх. Надад бол мэдээлэл алга. Ямар ч байсан би “Нэр дэвших эсэх асуудал битгий санхүү, мөнгөний уралдаан болчихоосой” гэж бодож байгаа гишүүдийн нэг. Шударгаар нэр дэвшүүлэх зарчим, 50 сая төгрөгийн асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцэж, зөв шийдвэр гаргавал УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихэд татгалзах зүйлгүй. 

-Ардчилсан намыг дотоод ардчилалгүй нам гэж шүүмжлэх хүн олон болсон. Та үүнийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Бид дотоод ардчилалыг байнга ярьж байх ёстой. Шүүмжилж байхгүй бол бага, багаар алга болдог. Манай намын хувьд зарим гишүүн нь дотоод ардчилалаа байнга манадаг. Тэр ги­шүүд нь юу болж, юу болохгүй байгааг алхам тутамдаа сануулж байх ёстой.

-Сануулж байгаа хүн хэр олон байна?

-Манай намд эрх мэдлийг гартаа авах гэж оролддог цөөн хүн бий. Хэтэрхий өндөр босго тавих гэсэн, гишүүдийнхээ оролцоог хаах гэсэн, аль болохоор эрх мэдэл авахыг оролдсон үйл ажиллагаа байнга явагддаг. Аль ч намд байдаг үзэгдэл. Гэхдээ энэ талаар шүүмжлэх, хэлэх эрх нь нээлттэй болохоор харьцангуй эрүүл гэсэн үг. АН-д дотоод ардчилалаа сайжруулахын төлөөх тэмцэл байнга явагддаг. Одоо ч явагдаж байгаа. Миний 50 сая төгрөгийн босго тавихыг эсэргүүцээд байгаа чинь үүний нэг илрэл. АН-ын удирдлагууд 50 сая төгрөгт эрх мэдэл өгөх юм уу. Эсвэл олон мянган гишүүддээ эрх мэдэл өгөх үү гэдгийг л яриад байна шүү дээ. Тиймээс АН-ын үе, үеийн гишүүд үгээ хэлж, харуул манаанд зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Тэгж байж л ардчилал үлдэнэ. Хэрвээ бид дуугүй болоод, намынхаа даргыг дагаад, дотоод ардчилалыг боомилих гэсэн дүрэм журмуудыг үг дуугүй дагаж мөрдөөд байвал АН нэг мэдэхэд л дотоод ардчилалгүй, “муухай” нам болчихно. Одоо тэмцэл маш хүчтэй өрнөж байгаа шүү дээ. Зарим фракц үзүүлж өгч байна

-Яаж?

-Фракцийн жишээн дээр шүү. Та бүхэн мэдэж байгаа. АН-д албан, албан бус, бүртгэлтэй, бүртгэлгүй олон фракц бий. Олонх хуучны загварын фракцийн үйл ажиллагаа хаалттай байдаг. Цөөхөн хэдэн хүн ороод, тэр хэдэн хүн нь дотроо асуудлаа шийдээд байж байдаг.  Тэгээд хэдэн хүнийг дээш нь дэвшүүлж томилоод, эрх ашгийг нь хамгаалдаг. Одоо залуучуудын үүсгэж байгаа клуб гэх мэт цоо шинэ, дотоод ардчилалтай багууд гарч ирж байгаа. “Нэг Ардчилал” клуб л гэхэд хурал, өөрсдийн зохион байгуулсан үйл ажиллагаандаа олон нийтийг татан оролцуулдаг. Фракци харгалзахгүй бүх намын гишүүдийг оролцуулдаг. Гэтэл хуучин стиль­тэй фракциуд хуралдахдаа өөр хү­мүүсийг огт оролцуулахгүй шүү дээ. Хаана, юу зохион байгуулж байгаагаа ч зарладаггүй. Тиймээс нам нь нээлттэй үйл ажиллагаа явуулдаг фракци, олон нийтээсээ суралцах хэрэгтэй.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хувьд дотоод ардчилалтай байж чадаж байна уу?

-Бид “Дотоод ардчилалаа сайжруулъя” гэдэг асууддыг ид хэлэлцэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сард болох АЭХ-ны Зөвлөлдөх зөв­лөлийн хурлаар эмэгтэйчүүдийн байгууллагынхаа дотоод ардчилалыг яаж сайжруулах вэ гэдгээ, энэ тал дээр хийх ажлуудаа ярилцана.

-Та “Эмэгтэйчүүд төсөв хэмнэх тал дээр хамгийн сайн” гэж байсан байх аа. Гэтэл УИХ-ын гишүүд маш том төсөв баталлаа. Шинэ он гарангуут төсвийн тодотгол хийх талаар ч ярьж эхлэх нь. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Төсөв, төсвийн тодотгол хийх тухай асуудлыг судалж амжаагүй байна. Гэхдээ үрэлгэн зардал юун дээр гардаг вэ гэдгийг бол маш сайн мэдэж байна. Жишээлбэл, сургуулийн барилга барилаа гэж бодъё. Барилга барихад маш их зардал гаргадаг. Тэгсэн мөртлөө барилгаа дулаалах төсөв нь огт байдаггүй. Дулаалгын материал маш бага ордог. Эрчим хүч хэрхэн хэмнэх талаар ч огт тооцоолдоггүй. Тэгээд сиймхийтэй барилга бариад халаалтын зардлыг нь жил бүр төсөвт тусгадаг. Хоёр сая төгрөгийн өртгөөр халаагаад өвлийг давж болох байсан сургууль 20 сая төгрөгөөр онд ордог. УИХ-ын гишүүд “Төчнөөн километр зам барилаа” гээд тууз хайчлах дуртай байдаг. Замдаа чухал биш замын хажуугаар хичнээн километр явган хүний зам барих вэ гэдгийг тооцоолох нь чухал юм. Сургуулийн барилгын төсвийн хэдэн хувийг дулаалга, энергийн хэмнэлтэд зарцуулах юм бэ гэдэг нь чухал. Барилга, замын төсөв батлах амархан юм шиг харагддаг. Гэтэл “Дараа нь яаж хэмнэх вэ” гэдгийг тооцоолсон хүн төсөв баталбал огт өөр байдаг байхгүй юу. Хэлэлцүүлгийн үеэр огт ярьдаггүй зүйлийг эмэгтэйчүүд амьдрал дээр хэдийнэ ярьчихсан байдаг юм. Тиймээс ч төсөв батлахад эмэгтэйчүүдийн хараа үнэхээр дутагдаж байна.

-Та төсөв батлахад оролцдог болбол юунд хамгийн их анхаарах бол?

-Би жил бүрийн халаалтын зардлыг л харна. Би танай сонинд өмнө нь энэ талаар ярьж байсан. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Ө.Энхтүвшин гишүүн тухайн үед “Аймгийн нийт сумын төсвийн байгууллагыг төвлөрсөн халаалтад оруулна” гэж амласан. Тэр нь төсвийн мөнгөний “мангас” шүү дээ. Нэг ёсондоо “Төсвийн мөнгийг үрэн таран хийнэ” гэсэн амлалт өгсөн гэсэн үг. Төвлөрсөн бус халаалттай байхдаа хамаагүй хэмнэлттэй байсан аймаг, сумыг төвлөрсөн халаалтад оруулаад хамгийн үрэлгэн аймаг болгочихож байгаа юм. Орчин үед олон зүйл төвлөрсөн бус зүйл рүү шилжиж байгаа. Гэтэл үүний эсрэг зүйл хийгээд байна. Энэ зүйлүүд дээр эмэгтэй хүний нүд үнэхээр дутагдаж байгаа. Эрэгтэйчүүд үндэсний аюул­гүй байдлын тал дээр удаан хугацааны турш ноёлсоор ирсэн. Гэтэл нэг харсан чинь ус, хүнсний аюулгүй байдал алдагдчихаж. Газар нутгийн маань хаана, юу байгаа нь мэдэгдэхээ байчихаж. Хортой бодис хаа сайгүй тархчихсан байна. Дархан-Уул аймгийн Хонгор сум тэр чигээрээ хордчихоод байхад Засгийн газар нь “Хордоогүй” гэж хэлээд сууж байх жишээтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж