Шүүлтүүрээр дамжих шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Шүүлтүүрээр дамжих шинэчлэл

Оросын ерөнхийлөгч улс орондоо хийх “Улс төрийн цогцолбор шинэчлэл”-ийг зарлаж байна. Тэднийг ерөнхийлөгчийн өргөн барих хуулиудад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх гэнэ. Учир нь Төрийн думын сонгуулийн шинэ шинэ журам нь зарим шинжээчдэд Чилийн генерал Пиночетийн тухай санагдуулсан байна.

Дмитрий Медведевын улс төрийн шинэчлэлийн багц нь зургаан гол заалтад тулгуурласан байна. Үүнд: мужийн захирагчдын шууд сонгууль, улс төрийн намуудыг бүртгэх хялбарчилсан үйл ажиллагаа, Төрийн дум болон бүс нутгийн сонгуульд гарын үсэг цуглуулах замаар бүртгэхэд өөрчлөлт хийх, Төрийн думыг бүрдүүлэх зарчмыг өөрчлөх, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай дэмжигчдийн гарын үсгийн тоог цөөлөх, Сонгуулийн комисст улс төрийн намуудын оролцоог өргөтгөх зэрэг орж байна.

Энэ бүх өөрчлөлтийг тэрээр “өөрчлөлт хэрэгтэй гэсэн хүмүүст зориулж байна” гээд мөн тэднийг ойлгож байгаа гэв. “Идэвхтэй иргэдэд улс төрийн амьдралд оролцох боломжийг  өгөх хэрэгтэй” гэж ерөнхийлөгч  Холбооны цуглаанд явуулсан илгээлтдээ өгүүлсэн байна.

Путины “шүүлтүүр” асуудал дор

Медведевын санаачлагын хамгийн “чанга” эхлэл нь мужийн захирагчдын шууд сонгууль болж байна. Энэ талаар тэр тайлбар хийсэнгүй. Харин арванхоёрдугаар сарын 15-нд шууд уулзалтаараа намуудын саналын дагуу нэр дэвшигч нараар мужийн захирагчийг сонгох Владимир Путины саналыг дэмжиж байна гэж хэлэв. Путин тийм сонгуулиа “шүүлтүүр” гэж нэрлэсэн байлаа. Танхимаас гарсан хүмүүс ерөнхийлөгчийн санаачлага ямар утгатайг асууж байлаа. Дараа нь ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович хэвлэлийн бага хурал дээр захирагчдын сонгуулийн нэр дэвшигч нарыг гаргаж ирэх механизмыг гүйцээн боловсруулж байгаа гэв.

Төрийн думын спикер Сергей Нарышкин нэр дэвшигчдийг хэрхэн “шүүлтүүрээр” оруулах тухай л яригдаж байсан гэжээ. Энэ сонгууль хүн амын шууд сонголтоор явагдана гэдгийг тэр сануулжээ. Хэрэв Путины саналыг хүлээн авбал тэр нь “шууд сонгууль” яагаад ч болж чадахгүй гэдгийг шинжээчид хэлж байна.

Медведев мужийн захирагчдыг сонгох гэдэгт Путиныг дэмжсэн бололтой, харин механизм нь ямар байх талаар одоогоор боловсруулалт хийж буй ажээ.

Нэг мандатнууд, эсвэл Пиночет

Ерөнхийлөгч илгээлтдээ арванхоёрдугаар сарын 4-ний Төрийн думын сонгуулийн будилааныг эсэргүүцсэн жагсаалын талаар үг дуугараагүй, харин түүний оронд Төрийн думыг бүрдүүлдэг системийг өөрчлөх санаачлага гаргав. “Депутат ба сонгогчдын  холбоог бэхжүүлэхийн тулд 225 тойргоор пропорциональ төлөөлөл гаргаж ирэх хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь тус бүрийн төлөөлөгчийг парламентад гаргаж ирнэ. Одоо холбооны зарим субъектын орон нутгийн хүмүүсийн сонгосон төлөөлөл думд алга” гэж тэр хэлэв.

Улс төрийн шинэчлэлийн талаар түүний хийсэн хамгийн дэлгэрэнгүй тайлбарын нэг тэр байв. Нэг мандаттай тойргийн депутатууд Төрийн думын 450 суудлын тал хувийг эзлэх болж байна. Пропорциональ төлөөлөл нь улс төрийн намуудаас нэр дэвшигчид байх гэнэ. Нэг мандаттай депутатуудыг гаргаж ирж буй нь “Нэгдмэл Орос нам” улс төрийн олонхио хадгалж чадахгүй болсноор тайлбарлагдана. Тэд ийм аргаар олонх хэвээр байх юм” хэмээн сөрөг намынхан хэлж буй.

Гэхдээ депутатуудын тал хувь нь намын жагсаалтаар гарч ирж байгаа учраас энэ системийг холимог гэж болох юм. Ийм систем өмнө нь байгаад дараа нь 2007 онд пропорциональ болсон байв. Эрх баригч намын чансаа буурч байгаа учраас тэд нэг мандаттай тойргуудаар хохирлоо нөхөх санаа агуулж байгаа учраас Медведевын санал онц биш гэдэгтэй сөрөг намынхан санал нэг байгаа юм. Ийм тойргуудад намын жагсаалтын сонгуулиас илүүтэйгээр будлиан гаргах боломж өндөр байдаг.

Ерөнхийлөгчийн санал болгож буй системийг бинаминаль гэж нэрлэдэг бөгөөд Чили ардчилалд шилжсэн 1989 онд Пиночетийн зөвлөхүүдийн нэгний санал болгосноор гаргаж иржээ. Тэд Пиночетийг дэмжигч нам чөлөөт сонгуулиар олонхийн санал авч чадахгүйг мэдэж байснаар энэ аргыг хэрэглэсэн юм байна. Үүгээр бол жишээ нь хоёр мандаттай тойрогт нам нь жагсаалтынхаа гуравны хоёрыг авахад хоёр мандатын эзэн болно гэсэн үг юм. Үүнээс бага санал авсан нөхцөлд тэргүүлж яваа нам нь нэг мандат, дараагийн нам нь нөгөө мандатыг авна. Онолын хувьд бол эхний нам 60 хувийн саналтай, нөгөө нам нь 15 хувийн санал авна гэж тайлбарлаж болно. Бинаминаль систем тэргүүлж буй нам, дараалж байгаа намуудад зарим нэг бонус гаргаж өгнө.  Өнөөгийн байдлаар Төрийн думд байгаа дөрвөн намын байдлыг тогтворжуулах систем энэ болно.

Зарим нэг жижиг сулруулалт

Медведевын бусад санаачлага шинжээчдийн дунд өмнөхийнх шиг анхаарал татсангүй.  Жишээлбэл, Сонгуулийн ерөнхий комиссийг бүрдүүлэх талаар тодорхой хэлсэнгүй. Намууд өөрсдийн төлөөлөгчдийг эргүүлэн татах эрхтэй болж буйг Медведев хэлснээс хэтэрсэнгүй. Төрийн дум болон орон нутгийн думуудын сонгуульд гарын үсэг  цуглуулан оролцох эрхийг халж байгааг улстөрчид ба шинжээчид бүгд дэмжлээ. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн гарын үсгийн баталгааг буулгасан нь хагас арга хэмжээ гэж зарим шинжээчид хэлж байна. Медведев гарын үсгийн баталгааг хоёр саяаас 300 мянга хүртэл буулгах санал гаргасан юм.

Одоо улс төрийн нам бүртгэх 45 мянган дэмжигчийн гарын үсгийн оронд дөнгөж 500 хүний гарын үсэг хэрэгтэй болов. Ойрын хугацаанд Орост олон сунгууль явагдахгүй учраас энэ санал төдийлөн хэрэг болохгүй. Ерөнхийдөө Медведевын илгээлтэд улс төрийн намууд янз бүрээр хандлаа. Түүний зарим санал улс төрийн амьдралд шинэ уур амьсгал өглөө гэж нэг хэсэг нь хэлж байхад нөгөө хэсэг нь санал хожимдон гарч байна гэв. Одоо эсэргүүцлийн хөдөлгөөний уур амьсгалтай үеэр Медведевын шинэчлэл хагас бөгөөд хангалтгүй болж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж