
-Энэ удаагийн семинар зөвлөгөөнийг залуу малчдын боловсролыг дэмжих нь гэсэн агуулган дор явуулж байна. Хамгийн гол нь залуу малчдынхаа боловсролд анхаарах, мэдлэг олгох, орчин үеийн мал маллагааны арга техникийг эзэмшүүлэх, хашир туршлагатай сайн малчдынхаа зөвлөгөөг сонсох, санал солилцох ач холбогдолтой. Манай аймгийн хувьд хөгжлийн чухал тулгуур нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх. Үүн дотроо мал аж ахуйн салбарыг эрчимжүүлж, ашиг шим сайтай малыг өсгөх, гарч буй ашиг шимийг зах зээлд боломжит үнээр нийлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, малчдынхаа мал маллах арга барил, зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж үзэж байгаа.
-Малчдад ямар асуудал тулгамдаж байна. Зөвлөгөөнд оролцогчдын тавьдаг санал, гомдол юу байдаг вэ?
-Малчдын зүгээс мэдээлэл дутмаг байгаа гэх саналыг байнга хэлдэг. Өнөөдөр малчин айл өрхийн олонх нь гэртээ зурагт үзэж, янз бүрийн мэдээлэл авдаг ч малчдын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа. Тиймээс УИХ-аас баталсан томоохон баримт бичгийн гол үзэл санааг малчдад ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд малчин, мал аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд, төр засаг юу хийхийг тодорхой болгоно гэж үзэж байгаа.
-Малчдын амжиргааны эх үүсвэр болох малаас гарч буй түүхий эдийг зах зээлд хэрхэн нийлүүлж байна вэ. Зах зээлийн үнээр худалдаж чадаж байна уу?
-Энэ асуудлыг зөвлөгөөнөөр бид тал талаас нь ярьж байна. Малын гаралтай түүхий эдээ манай малчид зах зээлд нийлүүлэхдээ боломжит үнээр нь нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд түүхий эдийн биржийг бүх сумдад байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатарын үнээр газар дээрээсээ зардал чирэгдэлгүй бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой болно.
Г.Занданшатар гишүүн зөвлөгөөнд үг хэлэв
Баянхонгор аймагт болж буй Залуу малчдын зөвлөгөөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын чуулганаар арванхоёрдугаар сарын 29-ныг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр болгохоор хуулинд өөрчлөлт оруулсныг дуулгахад таатай байна. Энэ сайхан жил Баянхонгор аймгийн малчид та бүхэн зөвлөлдөж мал маллах орчин үеийн арга ухаан, туршлага, ашиг шим өндөр малыг өсгөх, малчдын талаар төрөөс баримталж буй бодлого зэргээр мэдээлэл, санал бодлоо солилцож байгаад баяртай байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар залуу малчдын зөвлөгөөнд үе үеийн шилдэг яруу найрагчидтай очсон. Тус аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолч , төрийн шагналт яруу найрагч Т.Галсан, П.Бадарч, Д.Цоодол, “Болор цомын эзэн” яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Төрбат, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Болор цомын эзэн яруу найрагч, Г.Мөнхцэцэг нарын яруу найрагчид уран бүтээлийн дээжээсээ Баянхонгорчуудад сэтгэлийн мялаалга өргөсөн юм. Монголын утга зохиолын үе үеийн төлөөлөл, сор болсон яруу найрагчдын бүтээлийг нэгэн дор сонсох боломж олгосон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт Хонгор нутгийн малчид талархаж байлаа.