
-Ирэх оны төсөвт тодотгол оруулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Энэ хэр зөв шийдвэр вэ, үүнээс болж инфляци улам өсөлх вий гэсэн айдас иргэдийн дунд байна?
-Ер нь улсын төсвийг яах гэж баталдаг вэ гэдгээс тайлбараа эхэлбэл зөв болов уу. Төрөөс эдийн засагт хоёр арга хэрэгслээр бодлогоо хэрэгжүүлдэг юм. Нэг нь төсөв, нөгөө нь мөнгөний бодлого. Энэ хоёр бодлого гарахдаа улс орны дараагийн жилийн нийгэм, эдийн засгийн байдалд тохируулан харьцангуй бие даасан байдлаар, мөн хоорондоо уялдаатай батлах ёстой. Тиймээс аль аль нь дараа оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөв дүгнэлттэй байж гардаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв орлого зардлын аль ч талаасаа маш хурдацтай өсч байгаа. Үүнийг төсвийн бодлогын түрэмгийлэл ч гэж нэрлэмээр санагдах болсон. Учир нь төсөв өсөхийн хэрээр урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн тулгуур хүчин зүйл болох мөнгөний бодлого алдагдаж зөвхөн төсвийн бодлогын нийт эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэгдэж байна.
Төсөв батлах үед инфляци өсгөх төсөв болж байгаа талаар Монголбанк, олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулга гарч байсныг санаж байгаа байх. Энэ үндсэн дээр цалингийн нэмэгдлийн асуудлыг дахин авч үзэж хойшлуулсан ч багш нар, үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар дахин тодотгол хийх гэж байна. Хэдэн хүн цалингаа нэмүүлж болно л доо, гэхдээ нийт эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг тооцож байж шийдэх ёстой. Одоо төсвийн тодотгол хийхээр Монголбанкнаас гаргаж, УИХ-аар батлуулсан мөнгөний бодлого, инфляцийн түвшний зорилт юу болж хувирах вэ. Худлаа л тоо болж үлдэнэ.
-Тэгээд яах ёстой гэж. Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгч л Засгийн газарт тохиолдоод байна шүү дээ. Төсөвт тодотгол хийхгүй гэвэл багш нар дахиад л ажил хаялт зарлах нь тодорхой?
-Энэ асуудлыг нэлээд гүнзгий судлах, цаад учир шалтгааныг нь олж байж шийдвэрлэх болов уу. Би нэг бяцхан түүх өгүүлье. 1850 онд Францад үйлдвэрчний эвлэл гэж байгууллага анх байгуулагдаж байж. Тэр үеийн аж үйлдвэржилт, фабрикууд ажилчдыг ёстой л боолын түвшинд үйлдвэрлэлийн хүчин зүйл төдийхнөөр үнэлдэг байсан. Ажиллах орчин, амьдралын баталгаа, цалин хөлс гэж авах юмгүй байсан хэрэг л дээ. Жинхэнэ мөлжлөг байсан юм. Ажлаа хийж байгаа хүн улам ядуурч, ердөө хоол хүнсний төлөө ажиллаж байсан ажилчид нэгдэж үйлдвэрчний эвлэл байгуулаад үйлдвэр, фабрикийн эздийнхээ эсрэг бойкот хийж эхэлсэн. Сүүлдээ энэ тэмцлийн хүрээ өргөжиж нэг улсын асуудал биш болсон. Мэдээж, нэг хэсэг нь хувьсгал хийх хэрэгтэй гэдэгт итгээд пролетаруудын хувьсгал болж, нийгмийн байгууламжийн хэмжээнд хүрсэнийг бид мэднэ. Манайд ч социализмын үед байсан үйлдвэрчний эвлэл энэ мөн. Харин нөгөө талд арай аядуу бодлого барьж байсан улс орнуудад цалингийн доод хэмжээг тогтоох, цалин нэмэхийг шаардсан шаардлага болж илэрдэг байлаа. Мэдээж, цалин хөлс гэдэг бол юу бүтээж байгаагаар хэмжигддэг зүй тогтолтой. Хэн илүү зүйл бүтээнэ тэр нь илүү орлого олдог байх нь шударга байдалд нийцнэ.
-Тэгэхээр төрийн албан хаагчдын цалинг хийснээр нь өгдөг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж үү?
-Харин сүүлдээ үйлдвэрчний эвлэлийн шаардлагууд хэрээс хэтэрсэн, бараг л зүгээр сууж байгаад мөнгө нэхдэг үйл явдал болж хувирсан. Ийм учраас Европод ажил олгогч нар нэгдээд холбоо байгуулж эхэлсэн байдаг юм. Тэд хөдөлмөрийн хөлсний бодит хэмжээг тогтоох, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг алдагдал эрсдлийг ойлгуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хөдөлмөрийн гэрээний хоёр талын тэмцлийн үр дүнд XX зууны дунд үед Олон улсын хөдөлмөрийн байгууллага ILO байгуулагдсан. Энэ байгууллага товчхондоо маргалдагч талуудын асуудлыг шийдвэрлэчихсэн.
-Яаж?
-Ажлын байрны стандарт, ажил хийгээд ядуураад байхааргүй хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, бүтээмжид суурилсан цалин хөлсний уян хатан тогтолцоо гээд бүгдийг нь шийдчихсэн. Ерөнхий стандартуудыг боловсруулан гишүүн орнууддаа нэвтрүүлчихсэн хэрэгл дээ. Ер нь үйлдвэрчний эвлэлийн хэрээс хэтэрсэн шаардлагууд эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчирдгийг олон улсын түүх харуулдаг.
-Тэгээд манайх яах ёстой юм бэ. Цалингийн нэмэгдлийн асуудал эдийн засагт нэлээд хүнд цохилт болдог хэдий ч манай улс төрчид нүдээ аниад л шийдчихдэг шүү дээ?
-Үнэндээ одоо бид хэн цалин нэмэхийг шаардаад байгаа, тэд юу бүтээж байгааг харах ёстой. Юуны өмнө эмч багш нар маань хэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ямар бүтээгдэхүүн нийлүүлээд, хэнээс цалин нэхээд байгаа юм бэ гэдэг маш чухал асуудал. Үүнийг шийдвэрлэхийн тулд төрийн үйлчилгээний салбарыг цоо шинээр дахин авч үзэх ёстой. Манай төсвийн албан хаагчдын 70 хувь нь энэ секторт байгаа. Эрүүл мэндийн салбарт 1996-2000 оны үед тодорхой шинэтгэлүүд хийгдэж байсан. Тэр нь эмнэлгүүд бие даасан үйл ажиллагаа явуулдаг, нийлүүлж байгаа бүтээгдэхүүнээрээ орлого олдог хэдэн хүн ажиллуулах, ямар орон тоотой байхаа өөрөө шийддэг байсан. Одоо бид боловсрол, эрүүл мэндийн салбарыг хувийн хэвшилд яаж шилжүүлэх талаар бодох ёстой болсон. эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт сүүлийн хэдхэн жилийн дотор бараг тав дахин өсчихлөө, боловсролын салбарт ч мөн ялгаагүй өсч байгаа. Гэтэл эмнэлэг олон болоогүй, хүн ам хэд дахин өсөөгүй, тэр мөнгө хаашаа яваад байна вэ.
-Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хувьд гаргавал харин ч сөрөг үр дагавартай биш үү. Ядуус боловсролтой болж чадахгүй, эмнэлэгт үзүүлэх боломжгүй болчих юм биш үү?
-Яалаа гэж олон эерэг талтай. Хувийн хэвшлийнх гэхээр шууд төлбөртэй гэж ойлгож болохгүй. Өнөөдөр нэг сургуульд өгч байгаа зардал ямар x хувийн компанийн шуналыг хөдөлгөхөөр болчихсон. Тэр зардалд нь энэ сургуульд ийм хичээлийг, ийм хөтөлбөрийн дагуу, ийм боловсон хүчнээр явуулах ёстой гээд тендер зарлавал хувийн хэвшлийнхэн дуртай өрсөлдөх хэмжээнд ирсэн. Өнөөдөр аль ч хувийн сургууль дээр ажил хаялт болоогүй. Цалингаа нэмүүлнэ гэж дайрахгүй байна. Учир нь тэнд ажлаа хийж чаддаг хүмүүс нь орчихсон. Ажлаа зах зээлийн зарчмаар үнэлүүлээд хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун явж байгаа.
-Нэг талаас цалинг нэмэхээр инфляци өснө гээд, нөгөө талаас инфляци өссөн учраас цалинг нэмэх хэрэгтэй гээд өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэгч болж байна. Шалтгаан нь юундаа байгаа юм бэ?
-Эдийн засаг өөрөө хүмүүсийн хүлээлт дээр тулгуурладаг. Жишээ нь төр баахан мөнгө гаргаад цацна гэсэн төсөв баталчихаар эдийн засгийн мэдлэгтэй ямар ч хүн инфляци болно гээд хүлээчихдэг. Энэ хүлээлт чинь өөрөө инфляцийн жинхэнэ эх нь болчихож байгаа юм. Жишээ нь өнгөрсөн жил арилжааны банкуудын урт хугацаат хадгаламжийн хүү дунджаар 14,4 хувьтай байлаа. Жилийн инфляци 13 хувь гээд бодохоор бодит байдал дээр банкинд мөнгөө хадгалуулсан хүү 1,4 хувийн л бодит хүү авсан байна. Энэ жил инфляци 20 хувь гэж таамаглаж байна. Ийм тохиолдолд ямар ч тэнэг хүн банкинд мөнгөө хадгалуулахгүй. Ингэхээр мөнгө өөрөө үнэгүйдээд эхэлж байгаа юм. Бүгд л үнэ нь унадаггүй юм худалдаж авахыг хүснэ. Тэгээд хадгалж байсан мөнгө гаргаж энэ нь зах зээлийг хомсдолд оруулна. Одоо хар л даа. Оны эхнээс орон сууцны үнэ бараг 30 хувь өсчихөж. Цаана нь хадгаламж буураад байгаа чинь уг нь орон сууц ямар ч хэрэггүй хүн мөнгөө үнэгүй болохоос айгаад орон сууц худалдаж авахад зориулчихаж байгаа хэрэг шүү дээ.
-Тэгээд монголчууд хүлээлтээс гарахын тулд яах ёстой. Юу хийх ёстой гэж?
-Тэгэхээр ийм хүлээлт бий болгохгүйн тулд төр мөнгө цацахаа боль. Тэр цалин нэмэх, зүгээр сайхан мөнгө тараах, том том хэтийдсэн бүтээн байгуулалтаа хязгаарлах л хэрэгтэй болж байна. Дээр нь мөнгөний болон төсвийн бодлогоо уялдуулах хэрэгтэй. Цалинг хаа хамаагүй 53 хувь нэмнэ гээд Ерөнхий сайд нь хэлчихдэг байж болохгүй. Үүний оронд хүмүүст инфляцийн хүлээлт үүсгэхгүйгээр алгуур, чимээгүй нэм л дээ.
-Цалин тэтгэврийг нэмлээ гэж зарлахгүйгээр үү?
-Яг тийм. Тэр сайхан буянлаг төрхөөр өглөг өгөх гээд байгаа зарлалууд чинь эдийн засгийн мэдлэгтэй хүмүүст өөр мессеж болж очдог. Тэдний хүлээлт эдийн засгийг удирдчихдаг юм. Бүр барилгын компаниуд хүртэл гэрээгээ зогсоогоод үнээ нэмж эхэлж байна.
-Засгийн газрын мессеж ченжүүдэд боломж олгож байна шүү дээ. Монголын эдийн засаг өнөөдөр ченжүүдийн гарт орчихсон?
-Хөөрхий дөө. Хаана зохицуулалт муу байна тэнд ашиг олж зохицуулалт хийх бололцоо гарч ирнэ шүү дээ.
-Гаалийн татварыг нь нэмэх сургаар машины үнэ дагаад өсчихлөө?
-Тэд ч бас бизнес эрхлэгчид, бид тэднийг хүндлэх ёстой. Ашиг хийх боломж байхад хийлгүй яахав. Харин бодлого гарахдаа үүнийг тооцдог л байх ёстой. Автомашины үнэ өсөөд байгаагийн нэг шалтгаан нь хүмүүсийн цалин шүү дээ. Яагаад гэвэл цалин өсөхөөр эрэлт өсч байна. Түүнийг дагаад нийлүүлэлт тийм ч хурдан нэмэгдэхгүй. Тиймээс байгаа хэдийгээ үнэ хүргээд зарахыг хэн ч бодно шүү дээ. Татвар бол үнэн хэрэгтээ суурь үнээрээ л нэмэгдэнэ. Нэг л удаа татвар өссөн хэмжээгээр нэмэгдэж байгаа. Гэтэл автомашины үнэ тасралтгүй өсөөд байгаа бол татвараас өөр шалтгаантай байна гэсэн үг.
-Тэгээд яах ёстой юм бэ. Монголын эдийн засгийг ченжүүдийн гараас хэрхэн салгах ёстой гэж?
-Ченжүүд гэж нэрлэх нь хэр зохистойг мэдэхгүй байна. Ер нь худалдааг хөнгөвчлөх хэрэгтэй л дээ. Худалдаа хөнгөвчлөгдөж, үнийн мэдээлэл тэгш болчихвол зах зээл өөрөө зохицуулаад явчихна. Жишээ нь чи өөрөө Японы зах зээлээс машинаа сонгоод татвар тээврээ тооцоод дээр нь зуучлагч, борлуулагчид хувь төлөөд авчихдаг боломжтой болбол ченжүүдийн ашиг гээд байгаа мөнгө чинь чамд хэдэн хувь нэмж байгаа нь ил болчихно. Тэд энэ хувиа бууруулахын төлөө л өрсөлдөнө. Харамсалтай нь тийм мэдээлэл манайд байхгүй, худалдаанд оролцохыг сонирхогчид оролцож чадахгүй байна
-Монголбанкаас баримталж байгаа мөнгөний бодлого зөв байж чадаж байна уу. Энэ мөнгөний бодлогоос болоод эдийн засаг хямраад байх шиг?
-Яахав Монгол банкийг муу хэлэх юм алга. Хэдийгээр мөнгөний сайн бодлого явууллаа гэхээр биш байгаа ч төсвийн бодлогын сөрөг үр нөлөөг бууруулах чиглэлээр овоо ажил хийж байна. Нөгөө талаас боловсон хүчний хувьд гайгүй чадавхжиж бодлогын арга хэрэгслүүдийг чадварлаг ашигладаг болоо юу даа гэхээр байгаа шүү.
-Ирэх жил эдийн засаг хямрах болов уу. Та юу гэж бодож байна?
-Манайх энэ инфляциа хяналтаас алдчихгүй л байх хэрэгтэй. Хэрэв эдийн засгийн хямрал болбол гадаад шалтгаан нь л илүү байх болов уу. ОХУ-ын сонгууль, Хятадын банкны секторын хүндрэл, Солонгосын хойгийн улс төрийн тогтвортой байдал манай эдийн засагт нөлөөлөх гадаад суурь хүчин зүйл болж магадгүй.
-Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Тийм болохоор дэлхийд нүүрлэсэн өрийн хямрал, элдэв гадаад хүчин зүйлс манайд нөлөөлөхгүй гээд улстөрчид томроод байгаа шүү дээ?
-Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь үнэн. Манай эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлэх хүчин зүйл бол манай гол хэрэглэгчдийн аж үйлдвэрийн салбар. Жишээ нь Хятадад санхүүгийн хямрал болох нөхцлүүд бүрдлээ, банкуудын үйл ажиллагаа доголдож байна гэж үзэх хандлага шинжээчдийн дунд түгээмэл болж байна. Хэрэв Хятадад хямрал болбол түүхий эдийн үнэ огцом унана, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унана. Манай уул уурхайн салбар бол өөрөө нэмүү өртөг шингээдэггүй, анхдагч салбар шүү дээ, ноосоо түүхийгээр нь өгч байгаатай д адил. Ийм нөхцөлд эрэлт, үнэ буурвал манай төлөвлөсөн орлого дагаад буурна. Гэтэл улсын төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь, Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал маш өндөр байна. Энэ нь манайхыг өрийн хямрал руу чирэх суурь нөхцөл бүрдчихсэн гэсэн үг.
-Та саяхан нэгэн сонирхолтой ном гаргасан байна лээ. Тэнд стратегийн бүтээгдэхүүн гэж юу болохыг маш сайн тайлбарласан байсан?
-Стратеги гэдэг бол анх цэргийн салбарт гарсан ойлголт л доо. Монгол Улс уул уурхайн салбарт төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд стратегийн орд гэсэн ойлголтыг гаргаж ирж хэрэглэж эхэлсэн. Энэ ангилалд орсон ордуудад төр шууд оролцох, хяналтандаа авах болсон юм Энэ үеэс эхлээд стратегийн гэсэн үг төрийн оролцоог дэмждэг гэсэн утгаар хэрэглэгдэх явдал нэлээд бий болсон. Саяхан үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос стратегийн бүтээгдэхүүнийг тодорхойлох судалгааны ажил хийлгэв. Цаана мөн л төрийн оролцоог бий болгох гэсэн хоёргүй утга харагдаж байна лээ. Эхлээд уул уурхайн ордууд байсан бол одоо нефт, архи зэрэг бүтээгдэхүүнээр жагсаалт нэмэгдэх бололтой. Цаашдаа хүнсний үйлдвэрлэлийн салбарууд, харилцаа холбоо, магадгүй мэдээллийн хэрэгсэл гээд үргэлжлэх биз. Энэ чинь Иран, Казакстан, Оросын явж ирсэн зам шүү дээ. Эцэст нь бүгдийг төр аваад социализм байгуулна биз.
Ер нь манай эдийн засагт олон салбарт төр ач холбогдлоо өгч монополиуд үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоо алга урвуулахын дайнд л хуучин систем рүүгээ орчихоор болоод байх шиг байна шүү.
