Умардын шинэ удирагчийн “багийн тоглолт”

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Умардын шинэ удирагчийн “багийн тоглолт”

Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн нас барснаас хойш бараг долоо хоносны дараагаас БНАСАУ-ын төрийн мэдлийн олон нийтийн хэвлэл мэдээллээр түүний бага хүү Ким Чен Ун-ийг анх удаагаа “дээд ерөнхий командлагч” хэмээн албан ёсоор зарлаж эхэлжээ. Энэ нь түүнийг Хойд Солонгосын шинэ удирдагч болсныг бүрэн баталгаажуулж байгаа хэрэг аж.
Тус улсын төрийн төв хэвлэл болох “Нодон синмун” сонин дээр Ким Чен Унийг улс орноо “мөнхийн ялалтад хүргэх” удирдагч хэмээн магтан дуулсан нийтлэл гарсан байна. Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын үзэл суртлын гол талбар болох энэ сонинд ийм нийтлэл гарсан нь Ким Чен Унийг тус улсын одоогийн эрх баригчдын хүрээлэл хүлээн авсны баталгаа гэж үзэж болох юм.

Шинэ удирдагч Ким Уны хамгийн эхний тушаал нь Хойд Солонгосын саяар тоологдох цэрэгтэй армийн бүрэлдэхүүний бүх л цэргийн сургууль цугларалтыг зогсоох тухай гаргасан шийдвэр байсан талаар мэдээлэгдэж байсан билээ. Энэ шийдвэр Хойд Солонгосын зүгээс гэнэтийн ямар нэг цэрэг дайны халдлага гаргаж магадгүй хэмээн болгоомжилж байсан хөрш орнууд болох Япон, БНСУ зэрэг үзэл суртлын “дайснуудых” нь хувьд  бага ч болов амьсгаа авах боломж олгосон бололтой.

Гэвч нөгөө талаар Хойд Солонгосын төв хэвлэлд гарсан нийтлэлд дурдахдаа шинэ удирдагч Ким Ун нь тус оронд үргэлжилж байгаа гэж үздэг “сонгуны хувьсгалыг” цаашид ялалтад хүргэнэ гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуны хувьсгалын замаар явна гэдэг бол тус орны маш тарчиг төсвийн ихэнхийг цэрэг дайны зардалд зориулж ирсэн уламжлалыг хадгална гэсэн үг болж байгаа юм. Тийм болохоор хөрш орнуудых нь хувьд Хойд Солонгосын зүгээс аюул занал хэвээрээ үлдэх нь гэсэн сэрэмж төрүүлсээр байгаа ажээ.  
 
Энэ бүхний хажуугаар Хойд Солонгосын удирдлагыг шинэ залуу удирдагч Ким Ун ганцаараа гартаа авахгүй, харин улстөрийн хамтрагчтай болж байгаа гэсэн мэдээлэл гарах болжээ. “Ройтер” агентлагийн мэдээллээс үзэхэд эх сурвалжид ойр ажиглагчид  шинэ удирдагч Ким Чен Ун өөрийн нагац ах /"Ройтерс" агентлаг нагац ах хэмээн мэдээлсэн болно/  Чан Сун Тек болон бусад цэргийн удирдлагуудын хамтаар улс орноо удирдана гэж хэлж байгаа гэнэ. Ким Уны нагац ах Чан Сун Тек нь түүнийг бодвол нам төрийн удирдлагын талаар багагүй туршлага хуримтлуулсан нэгэн тул гэр бүлийн ийм дэмжлэг 30 хүрээгүй залуу удирдагчид мэдээж нэн чухал байгаа биз ээ. Чан Сун Тек нь олон жилийн өмнөөс Хойд Солонгосын хүчний байгууллага болон намын удирдлагын аппаратад ажилласаар ирсэн баялаг туршлага бүхий нэгэн гэнэ.

Ер нь ч Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам болон улс орны удирдлагыг хамтын хүчээр удирдах арга барил нь өмнөх удирдагч Ким Чен Ирийн үеэс эхэлсэн гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. Тийм болохоор одоогийн залуу удирдагчийн хажуугаар Хойд Солонгосыг удирдах залуур дээр авга ах нь болон өөр бусад хүмүүс гар бие оролцож байгаад гайхаад байх зүйл алга бололтой.

 Нөгөө талаар энэхүү хамтын удирдлагын уламжилж ирсэн арга туршлага Ким Уны хувьд ч одоогоор аятайхан түшиг тулгуур болж байгаа гэж үзэж байгаа ажиглагчид цөөнгүй байна. Учир нь Ким Чен Ирийг нас барсны дараа шинэ залуу удирдагчийн туршлагагүй байдалд найдахгүй байж болох цэргийнхэн төрийн эргэлт гаргаж магадгүй гэж гадаадын олон шинжээчид таамаглаж байсан юм. Харин одоо энэ болгоомжлол магадлал багатай гэж олонхи нь үзэж байна.

Хэдийгээр баруунд тодорхой хугацаагаар амьдарч байсан Ким Ун цэргийнхний дотор хувь хүний хувьд төдий л нөлөөтэй болж амжаагүй байж болох ч нэгэнт их удирдагч асан Ким Чен Ир өөрийн бага хүүг залгамжлагчаа болгоно гэж гэрээсэлсэн л бол цэргийнхэн түүнийг ягштал биелүүлнэ гэж олонхи ажиглагчид үзэж байна. Зарим эх сурвалж цэргийнхний хүрээний удирдагчид одоогийн залуу удирдагчаа дэмжиж удирдлагыг нь дагана гэдгээ Ким Чен Ирийн өмнө андгайлж тангараг тавьсан гэж мэдээлж байгаа юм. Дорныхны хувьд иймэрхүү андгай тангараг үнэ цэнэтэй байдаг бөгөөд ялангуяа Хойд Солонгосын олон жил тогтож ирсэн төрийн уламжлалын хувьд энэ нь бүр ч илүү чухал зүйл болдог бололтой.

Гэвч Хойд Солонгосын одоогийн удирдлагын хүрээнд ямар нэг өөрчлөлт, халаа сэлгээ орно гэж үзэх шинжээчид бас гарч ирсээр байна. Энэ нь ч одоо байгаа нөхцөл байдлаас урган гарах зүйл гэнэ. Тэд Ким Чен Ирийг оршуулсны дараа Хойд Солонгосын одоогийн удирдлагын зүгээс эхэлж гаргах ажил хэргийн шийдвэрийн дараагаар л тус улсын хамтын удирдлага хаашаа явахыг олж харж болно гэж үзэж байгаа юм.

Нөлөөтэй нагац

Хойд Солонгосын шинэ удирдагчийн нагац ах Чан Сун Так нь одоо 65 настай. Тэрээр Ким Чен Ирийн эхнэрийх нь нь ах буюу Ким Чен Унийн нагац ах юм. Чан Сун Так нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагын бүтцэд удаан жил ажилласан бөгөөд прокурор болон цагдаагийн газрын ажил байдалд хяналт тавьдаг байсан байна. Мөн түүний ажлын нэг чухал салбар нь дотоодын тагнуулын албаны ажил байжээ. Тэрээр 2009 онд улсынхаа удирдлагын гол байгууллага болох Улсын Дээд Зөвлөлийн Үндэсний батлан хамгаалах хорооны гишүүн болжээ.

Түүнийг таньж мэддэг хүмүүсийн яриагаар бол Чан Сун Тек нь эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй удирдлагын нэгэн болох аж. Зарим мэдээллийн эх сурвалжууд 2008 онд Ким Чен Ирийн бие маш муудаж ажлаа хийх боломжгүй болох үед Хойд Солонгосын удирдлагыг Чан Сун Тек гартаа авч ажилласан гэж байгаа бөгөөд Ким Чен Ирийг нас барсны дараа түүний оронд шинэ удирдагч болж гарч ирнэ гэж тооцож байсан ажиглагчид ч бас байсан билээ.  

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж