Нийслэл маань далайн түвшнээс 600-700 метрийн өндөрт, дөрвөн уулаар хүрээлэгдсэн, салхины хурд нь дунджаар 1-2 метр секунд байдаг учраас урсгал хөдөлгөөн багатай, тогтуун нөхцөлд амьдрадаг. Өөрөөр хэлбэл салхивчаа онгойлгоогүй өрөөнд амьдрахтай ялгаагүй гэдгийг судлаачид хэлж байгаа. Салхины чиглэлийн дээд хэсэгт байрлах дулааны цахилгаан станц, үйлдвэрийн газрууд болон дөрвөн уулын бэлээс эхлэн хотын төв хүртлээ тархан байрласан гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах бохирдуулагч хий нь Улаанбаатар хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож, агаарын бохирдолтыг их хэмжээгээр үүсгэж байгаа аж.
Энэ жилийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй 70 мянган зуух худалдан борлуулах зорилт тавин ажиллаж сайжруулсан зуух худалдан авсан иргэдэд Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас нэмэлт урамшуулал олгохоор болсон. Үүний дагуу хязгаарлалтын бүс тогтоож, энэ бүсийн айл өрхүүдэд утаа бага гаргадаг зуух болон утаагүй түлш борлуулж байгаа. Гэтэл эрчим хүчний хэмнэлттэй зуухны борлуулалт муу байгаа бөгөөд иргэдийн оролцоо, идэвхи санаачлага муу байгаагаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 39 мянга 982 ширхэг зуух зарагдаад байгаа юм байна.
Мөн Монголын Мянганы Сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн шугамаар 9411 ширхэг гэрийн бүрээс, 2881 ширхэг гонх буюу нийт 52275 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг айл өрхүүдэд худалдан борлуулаад байгааг нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ. Хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс буюу Баянгол дүүргийн нийтдээ 7 хорооны 11 мянга 145 айл өрхийг боловсруулсан түлшээр хангахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3238 тонн үртсэн шахмал түлш, 1560 тонн хагас коксыг тус бүсэд нийлүүлсэн аж. Хязгаарлалтын бүсэд агаарын бохирдол буурч байгаа ч утаанаас гадна хэд хэдэн хүчин зүйл агаарыг бохирдуулж байна гэлээ.
Улаанбаатар хотод их багтаамжийн 800 автобус үйлчилгээнд явдаг бөгөөд энэ жил түүний тал хувь буюу 400 автобусыг хийн болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Мөн авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил 1500 автомашинд хорт утааны шүүлтүүр суурилуулсан байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай 10 дугаар зүйлийн 10.1.7-д дахь хэсэгт заасны дагуу Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэдийн цахилгааны үнийг хөнгөлөх тухай журам батлагдан гарч одоогийн байдлаар 6000 орчим айл өрх л хөнгөлөлтөд хамрагджээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 14 хувийг үйлдвэрлэн гаргадаг 1400 нам даралтын уурын зуухнаас энэ онд КТМС орчмын 40 гаруй нам даралтын зуухыг татан буулгаж төвлөрсөн дулаан хангамжинд шилжүүлсэн гэнэ. Мөн ирэх онд Дэнжийн 1000 болон УС-15 орчмын нам даралтын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбохоор болжээ. Энэ жил Үндэсний хорооноос өгсөн үүргийн дагуу Шахмал түлшний, Хагас коксон түлшний, гэрийн зуухны, хийн түлшний стандартуудыг боловсруулан баталлаа.
Хэдийгээр утааг бууруулахаар олон ажил хийж байгаа ч агаарын блхирдол нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байсан. Хязгаарлалтын бүсийн утаа буурч байгаа ч агаарын бохирдол өссөн үзүүлэлттэй байгааг мэргэжлийн албаныхан хэлж байгаа. Харагдах орчны хувьд ойрын зуун метрээс гадагш хүний нүдэнд юм харагдах боломж байхгүй байна. Харин энэ хэмжээ өглөө, оройны цагт улам багасч байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн хязгаарлалтын бүс орчмоор. Ганц үүгээр зогсохгүй салхин доор нь байгаа болохоор нийслэлийн төв хэсэг тэр чигтээ утаан дунд байгааг бид харж байгаа. Утааг бууруулахаар Үндэсний хороо байгуулж, хязгаарлалтын бүс тогтоож байгаа ч хүйтний улиралын ид үе эхэлж байгаа учраас утаа ямар хэмжээнд хүрсэн, ямар бодисыг аль хэр хэмжээнд ялгаруулж байгааг нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяраас тодруулахад “Хязгаарлалтын бүсэд утаа буурч байгаа агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10 дахин нэмэгдсэн байна. Ялангуяа нийслэлийн зүүн хэсэгт агаарын бохирдол өндөр байгаа. Агаарын бохирдолд нөлөөлж буй тоосонцор, хүхэрлэг хийн агууламж нь байх ёстой хэмжнээсээ 10 дахин их буюу 260 микро грамтай байх жишээтэй. Уг нь стандартаараа бол 0-50 микро грам байвал хэвийн, 50-100 бол муу, 250-иас дээш гэхээрээ аюултай хэмжээнд хүрч байгаа юм. Гэтэл хүхэрлэг хийн агууламж нь 260 буюу аюултай хэмжээнд хүрсэн байна” гэлээ. Агаарын бохирдолд нөлөөлж байгаа зүйлүүд нь автомашины утаа, түлш, тоосонцор гээд нөлөөлөх зүйлүүд олон байгаа гэлээ.
Хязгаарлалтын бүс тогтоож, утаагүй түлш, зуух хэрэглэж байгаа ч одоогоор утаа багассан гэсэн баталгаатай хариулт өгөх боломжгүйг Агаарын чанарын албанаас мэдээлж байлаа. Учир нь мэргэжлийн багаж, төхөөрөмжөөр судалгаа хийж, ирэх оны нэгдүгээр сарын 10-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хурадлахаар болсон. Энэ хүртэл мэргэжлийн байгууллагууд нь судалгаа, шинжилгээгээ хийж дуусгасны дараа утаа буурсан үгүйг мэдэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Монгол Улсад агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх мэдээлэл хомс бөгөөд энэхүү байдлыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын чанар иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар цогц судалгааг ч мөн хийж байгаа аж. Ямартай ч нийслэлийн агаарын бохирдол буурсан эсэхийг ирэх онд мэдэх боломжтой. Харин дан ганц утаа гэхээсээ илүү агаарын бохирдлыг цогцоор нь явч үзэх болсныг албаныхан хэлж байлаа.
Холбоотой мэдээ