
УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн олонхийн саналаар баталлаа.
Энэ хуулийг дагалдуулан 32 хуульд өөрчлөлт орж, нэг тогтоол шинээр батлагдаж байгаа аж. Хууль батлагдсанты дараагаар Сангийн сайд сайд С.Баярцогт “Төсвийн тухай хуулийг баталснаар төсвийн зарлагын талын бүх реформыг хийж чадсан. Энэ хууль дараагийн парламентад ч өөрчлөгдөхгүйгээр үйлчилнэ. 2004-2008 онд сонгогдон ажилласан УИХ-ын гишүүд төсвийн орлого талдаа ихээхэн шинэчлэл хийсэн бол 2008-2012 онд ажилласан гишүүд төсвийн зарлага талдаа шинэчлэл хийж чадсан нь төсвийн хүрээ тэлсэн өнөөгийн цоо шинэ нөхцөл байдалд маш хэрэгтэй хууль боллоо. Сангийн яамны 100 жилийн ойд маш том бэлэг барилаа шүү, гишүүд ээ” гэсэн юм.
СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖИВ
Ийнхүү Төсвийн болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг баталсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хуульзүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор хуралдаанд оролцсон гишүүдийн дунд санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд нь шилжүүллээ.
Д.ЗОРИГТ ДАХИАД Л ШҮҮМЖЛҮҮЛЭВ
Хуралдаанаар мөн “Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан юм.
Газрын тосны бүтээгдэхүүн нь эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тул уг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тасралтгүй хангах, улмаар импортын хараат байдлаас гарах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр барьж, байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар уг тогтоолд онцолжээ.
Хэлэлцүүлгийн ихэнх хэсэгт шүүмжлэл өрнөж байсан ба тухайлбал, П.Алтангэрэл гишүүн “Энэ салбарт төрөөс баримтлах бодлого, эдийн засгийн зохицууулалт нь салбарынхаа хөгжлөөс хоцроод араас нь дагаж явна, Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 он бус 2017 оноор тогтоохдоо ямар хэмжээний олборлолт хийж, хэзээ нийт хэрэгцээгээ хангах нөөцтэй болсон байна гэсэн бодлогын чанартай тооцоо хийсэн зүйл алга” гэж шүүмжлээд “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хаана байна? Энэ салбарыг хөгжүүлье гэвэл эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Элдэв баримт бичиг гаргасаар байтал газрын тос маань гадагш урсаад дууслаа шүү дээ! Яг хэзээ энэ хуулийг оруулж ирэх вэ?” хэмээв. Үүнд нь ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт “Үүнийг Сангийн яамнаас асуух хэрэгтэй. Ер нь татварын асуудлаа эцэслэн шийдвэрлэхгүй байгаагаас гацчихаад байгаа” гэснээр “Нэг засгийн газрын яамд байж хоёр өөр улсын яамд шиг ярьж байна” хэмээн шүүмжлүүлэхэд хүрэв. Ийн хэлэлцээд газрын тосны үйлдвэр барих асуудал дээр аль болохоор үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг гишүүд Засгийн газарт үүрэг болгосон ба “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн л баталлаа.
Үүний дараа чуулганы хуралдаан “Засгийн газрын цаг”-аар үргэлжилсэн бөгөөд гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нараас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар асуулгын хариуг сонссон юм.
29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Хуралдааны төгсгөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр 12-р сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Мөн энэ өдөр бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхаар болж батлагдлаа. Түүнчлэн баярын нэрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан байна.
