Тойрог, мандат тодорхой болж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Тойрог, мандат тодорхой болж эхэллээ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох сана­лаа Сонгуулийн ерөнхий хороо­ны удирдлагууд УИХ-ын дарга Д.Дэм­бэрэлд өнгөрөгч баасан гаригт өргөн барилаа. Хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө сонгуулийн тойргийг тогтоон нийтэд зарлах ёстой юм. Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж байгаа саналаар зургаан аймагт тус бүр нэг, нийслэлийн хоёр дүүрэгт тус бүр гурав, бусад аймаг, дүүрэгт тус бүр хоёр мандаттай, нийтдээ нийслэлд 14, орон нутагт 34 мандат хуваарилахаар тусгасан байна. Ингэхдээ тойргийн хуваариллыг 2008 оныхоор тусгаж, мандатыг УИХ дахь намын бүлгүүдийн зөвшилцлийг барьж тусгасан гэнэ. Олон мандаттай байсан аймаг хэд байхаар хуулийн төсөлд тусгасан талаар тодруулбал зургаан аймаг нэг мандаттай болж байгаа аж. Дүүргүүдэдэд үндсэндээ хоёр мандат байгаа боловч Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гурван мандат хувиарлажээ. Хүн амынхаа тоогоос хамаарч эдгээр хувиарийг хийсэн бөгөөд -Улаанбаатар хотод 20 мандат байсныг 14 болгосон. Аймаг нь Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр нэг болж байна. Мөн Дундговь, Өмнөговь, Сүхбаатар гэсэн аймгууд нэг мандаттай байхаар санал оруулсан аж.

Ингээд дээрх төслийг өргөн мэдүүлснийх нь дараагаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас зарим асуудлаар тодруулга авлаа.

ХУУЛИЙН ЗААЛТЫГ ӨӨР ӨӨРӨӨ ОЙЛГОСОН БАЙНА

-СЕХ-ноос санал болгон оруулж ирсэн сонгуулийн санал тоолох машин дэмжлэг хүлээлгүй “уначихлаа”. Байнгын хороогоор хэлэлцээд өөр машин оруулж ирэхээр болж байна уу?

-Анхнаасаа худалдан авал­тыг тендер зарлаж явуулах боломж­гүй байсан. Энэ асуудлыг Сонгуу­лийн ерөнхий хороо 2010 онд тө­сөв батлагдсан цагаас эхлэн танил­цуулсан. Тэр дагуу УИХ тогтоол гар­гаж гэрээ байгуулах, худалдан авахыг зөвшөөрсөн. Тэр дагуу л энэ ажил явсан. Харин одоо монголын нөх­цөлийг гадаадын компаниуд су­далж байгаа. “Манай машиныг ав бид чадна” гэсэн дөрвөн компани одоо­гоор байгаа. Өмнө нь ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар орсон. Нэг нь болохгүй гэж байгаа бол нөгөө компанийн технологийг эргэж харах хэрэгтэй. Төрийн бай­гуу­лалтын байнгын хорооны гишүү­дийн тавьсан шаардлага нь саналын хуудсыг шууд унших төхөөрөмж байх ёстой гэсэн. Хуулийн заалтыг өөр өөрөө ойлгосон байна. Бид өөр ойлголттой байсан учраас оруулж ирсэн. Санаатайгаар зөрүүлсэн юм биш. Нэгэнт байнгын хороо дэм­жих­гүй байгаа учир шууд сана­лын тоог унших машин олно гэ­сэн үг. Гэхдээ аль ч тохиолдолд санал хайрцаг руу унана. Саналын хайрцаггүй технологи гэж байхгүй. Шууд машинаар унших технологийг судлана. Хороонд ярьж байна. Хараахан шийд гараагүй байна.

-Зөв машиныг сонгоогүй гэж буруутгасан?

-Сонгуулийн бүртгэл, сонгогчийн санал тоолох гэсэн хоёр асуудал. Энэ нь хоёр тусдаа үйл ажиллагаа. Бүртгэлийн үйл ажиллагааг автомат­жуулахаар Солонгосын компанийн технологийг сонгосон. Энэ машин нь Солонгосын сонгуульд туршигдаж, хэрэглэгдэж байсан тусгайлан зо­риул­сан бүртгэлийн машин бай­гаа юм. Нөгөөх нь санал тоолох машин. Энэ АНУ-ын “Эс Энд Эс” компанийн ДС-200 маркийн машин. АНУ-ын штабуудын 60 гаруй хувьд нь хэрэглэгддэг тогтчихсон, янз бүрийн улс оронд хэрэглэж бай­сан машин байгаа юм. Хоёр компа­нитайгаа гэрээ хэлэлцээр хийгээд явж байгаа. Солонгосын компани бол манай хуульд заасан гэрээ, хэлэл­цээрийг зөвшөөрөөд гарын үсэг зурчихаад, хуульд заасны да­гуу банкны баталгаа гаргуулахаар хөөцөлдөж байна. АНУ-ын “Эс Энд Эс” компанитай байгуулах гэрээнд талуудын байр суурь зөрсөн. Зөрсөн гол шалтгаан нь юу вэ гэхээр тухайн техник хэрэгслийг худалдан авах үйл ажиллагааг Монголын хууль тогтоомжоор бус New York хотын хууль тогтоомжоор зохицуулна гэсэн. Мөн энэ техник хэрэгслийг хэрэглэх лицензийн төлбөр гэж нэхэж байгаа. Лицензийн төлбөр гэдэг нь техник, тоног төхөөрөмж ашигласны төлбөр, дээр нь программ хангамжийн төлбөр гэж  байгаа. Энэ нь жилд 140 гаруй мянган ам.долларын төлбөр болно. Чанарын баталгаа хугацаанд хийсэн засвар, тавьсан сэлбэг хэрэгсэл нь тухайн компанийн өмч хэвээрээ байна гэсэн нөхцлүүдийг үзэхээр манайх худалдан авах бус түрээслэх болзлууд байсан. Жил бүр засвар, техник үйлчилгээ хийхэд 875 мянган ам.долларын үйлчилгээ хийх, тэрнийг нь манайх төлж байх ёстой. Мөн техник хэрэгслийг ажиллуулах 20 гаруй хүнийг эхлээд багш нар сургана. Цаашлаад тэд өөр хүмүүсийг сургана. Багш нарыг сургах болоод сонгуулийн үеэр тус компанийн мэргэжилтнүүд ирж ажиллах зардалд 2.9 сая ам.доллар төлөвлөсөн байсан. Энэ зардал өндөр байна. Эргэж харах талаар ярьж байна. Хамгийн гол асуудал нь төрийн болон өмчийн тухай хуулиар манайх 100 саяас дээш худалдан авалтад зайлшгүй урьдчилгаа, гүй­цэт­гэл, чанарын баталгаа гаргадаг шаардлага тавьдаг. Баталгаа гаргах гэдэг нь Монголын тал урьдчилгаа гаргахад түүнтэй дүйцэх хэмжээний баталгааг Монголын банкинд нөгөө тал байршуулж энэ үндсэнд ажил явдаг. Гэрээнд үүнийг тусгах санал тавьсан ч Америкийн тал зөвшөөрөх боломжгүй гэдгээ удаа дараа мэ­дэгд­сэн. Хуулийн шаардлагаар зөв­шөө­рөгдөөгүй тохиолдолд энэ гэ­рээг байгуулах боломжгүй болсон. Байнгын хорооны дараагийн шийдэл нь Нью Дата компанийн санал тоолох техник хэрэгслийг бидэнд санал болгосон. Тэрнийг манай хорооноос оролцсон мэргэжлийн ажлын хэсэг туршиж үзээд энэ болох юм байна гэсэн учраас хуулинд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хо­роонд танилцуулж зөвшилцөх ёс­той. Тэгээгүй тохиолдолд энэ нь шийдэгдэхгүй.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж