
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг боловсронгуй болгох чиглэлээр Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөлтэй хамтран ажиллаж хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгээд байгаагийн нэг нь тус газрын үйлчилгээний 1 болон 3 дугаар байрыг засварлаж, тохижуулах явдал байсан юм.
Ёслолын арга хэмжээнд шадар сайд Н. Алтанхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон, Монголын Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Отгонбат, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Рийд зэрэг хүндэт зочид төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
УБЕГ-ын нэгдүгээр байр болон бусад эд хөрөнгийн бүртгэлийн албад, үйлчилгээний танхимд нийт 2,2 сая ам. долларын үнэ бүхий мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, оффисын иж бүрэн тавилга, дугаар тараах машин, үнэлгээний болон нийтэд зарлах систем зэрэг шинээр суурилагдаад байгаа аж. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ийнхүү засварлан, тохижуулсан үйлчилгээний байранд орсноор улсын бүртгэлийн тэр дундаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй үйл ажиллагаанд нь тулгарч байсан хүндрэл бэрхшээл тодорхой хэмжээгээр арилна гэж тус газрынхан хэлж байна.