Йеменийн огцорсон ерөнхийлөгч АНУ-ыг зорих гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Йеменийн огцорсон ерөнхийлөгч АНУ-ыг зорих гэнэ

Йеменийн огцорсон Ерөнхийлөгч Абдулла Салех АНУ-ыг зорих гэж буй талаар түүний намын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Тус улсад дотоодын зөрчил туйлдаа хүрч, жагсагчид улс орондоо ардчилал тогтоохыг эрх баригчдаас шаардаж байгаа ч цус асгаруулсан сөргөлдөөн намжихгүй байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард босогчдын халдлагад өртөж, үхлийн шарх авсан Абдулла Салех энэ удаа эмчилгээ хийлгэх биш, камер, олны хараанаас хол байж, эвслийн Засгийн газарт шударга сонгууль явуулах боломж олгох зорилгоор хилийн чанадыг зорино гэж түүний төлөөлөгч мэдэгдсэн байна. Йеменийн төрийг 30 гаруй жил барьсан Ерөнхийлөгч асан Абдулла Салех олон сарын сөргөлдөөний эцэст өнгөрсөн сард албан тушаалаасаа огцорсон юм. Йеменийн өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр Абдулла Салехын виза хараахан гараагүй боловч эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьж байгаа нь үнэний хувьтай гэнэ. Харин Абдулла Салех хэр удаан АНУ-д байх нь тодорхойгүй байгаа юм. Олон улсын ажиглагчид, гэрчүүдийн мэдээлж буйгаар Йеменийн Санаа хотод эрх баригчдыг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагчдын эсрэг хүчирхийлэл зогсоогүй ажээ. Жагсагчдыг Салехын цэргүүд хүчээр тараахыг оролдож, мэргэн буучид хүүхэд, эмэгтэйчүүдийг ялгалгүй буудан хороож байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж