612 таксийг шинээр үйлчилгээнд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

612 таксийг шинээр үйлчилгээнд гаргажээ

Нийслэлийн нийтийн тээврийн салбар энэ онд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэн, тээвэрчдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг өрнүүлсэн байна. Тухайлбал, Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар их багтаамжийн автобусны зургаан чиглэл шинээр нээгдэж, найман чиглэлийг сунгах, 14 чиглэлд өөрчлөлт оруулах, автобусны тоог 43-аар нэмэгдүүлсэн байна. Мөн  26 автобусны зогсоолд тэмдэг тавьсөн бөгөөд Монел, Бэлх, III, IV хорооллын арын айлуудад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэжээ. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автозамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, давхцлыг бууруулах ажлын хүрээнд бага багтаамжийн автобусны чиглэлийг 20 хувиар бууруулжээ. Харин их багтаамжийн автобусны чиглэлтэй 100 хувь давхцдаг бага багтаамжийн автобусны чиглэл байхгүй болгосон байна.  Мөн автобусны эцсийн зогсоолыг тохижуулах ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний жолооч, кондукторын түр амрах байр, цайны газар, халуун усны цэг, 00-ын өрөө, болон байнгын ажиллагаатай диспитчерийн байр бүхий автобусны дөрвөн эцсийн зогсоол, есөн  зогсоолын талбайг хөдөлгөөний аюулгүй байдалд нийцүүлсэн, 27 зогсоол дээр мэдээллийн самбар, 65 дундын зогсоолыг тохижуулсан байна. Харин таксийн зогсоол тохижуулах ажлын хүрээнд зориулалтын найман зогсоолыг бий болгожээ. Мөн энэ онд нийт 612 таксийг шинээр үйлчилгээнд гаргасан байна. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн 400 автобусанд шатдаг нефтийн хий болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлын гүйцэтгэгч шалгаран, ажлыг эхлүүлжээ. Их багтаамжийн 485, бага багтаамжийн 942 автобусанд, нийслэлийн төр, захиргааны 10 байгууллагын 73 дизель хөдөлгүүртэй автомашин буюу нийт 1500 тээврийн хэрэгсэлд төхөөрөмж суурилуулсан байна.

Э.Зул

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж