Ким Чен Ун цэргийн дээд командлагч болов

Хуучирсан мэдээ: 2011.12.25-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цэргийн дээд командлагч болов

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш нэг долоо хоногийн дараа түүний хүү  Ким Чен Ун цэргийн дээд командлагч цол хүртэж, их удирдагчийн залгамжлагч боллоо. Дэлхий дээрх хамгийн хаагдмал, коммунист дэглэмтэй тус улсад их удирдагч Ким Чен Ир таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэх үйл явц орон даяар одоо ч үргэлжилж байгаа юм.  Умард Солонгосын төв телевизээр “БНАСАУ-ын ард түмний хүсэл зоригийн дагуу нөхөр Ким Чен Ун та эх орноо ялгуусан ялалтад хүргэхийн тулд дээд командлалыг удирдах эрхийг хүлээн авна уу” гэсэн мэдэгдэл гарсан гэнэ. Харин Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг Умардын залуу удирдагчийн шинэ цол цэргийн эрх мэдэл түүний гарт шилжиж буйн илэрхийлэл гэж үзэж байгаа юм. Тус мэдээллийн агентлаг өмнө нь залуу Ким эцгийнхээ нас барсныг мэдэгдэхээс өмнө цэргийнхэнд эхний тушаалаа өгсөн тухай мэдээлж байсан юм. Умард Солонгост “Хүндэт удирдагч” хэмээн нэрлэгдэж байсан Ким Чен Ир энэ сарын 17-нд зүрх нь хаагдаж 69 настайдаа таалал төгссөн билээ. Ким Чен Ир гурван хүүгийнхээ отгон нь болох 27 настай Ким Чен Уныг өөрийн залгамжлагчаар нэрлэсэн тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан юм. Олон улсын ажиглагчид 1994 оноос хойш Сталинист маягийн коммунист дэглэм тогтсон Умард Солонгосын залуу удирдагч Кимд улс төрийн туршлага дутна гэж үзэж байна.  Ким Чен Ирын хувийн тогооч байсан нэгэн Япон хүн “CNN”-д өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын ард түмэн өлсгөлөн гуйланчлалд зовж байхад цэргийнхэн болон элитүүд нь итгэмээргүй тансаг амьдардаг талаар ярьсан юм. Их удирдагчийг ирэх лхагва гаригт оршуулах бөгөөд Умард Солонгос даяар орнөж буй эмгэнэл пүрэв гаригт дуусах юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж