
УИХ-ын эрхэм гишүүд 2010 оны улсын нэгдсэн төсөвт тус бүр нэг тэрбум төгрөгийг тойрог, орон нутаг хөгжүүлэх хөрөнгө оруулалт нэрийн дор багтаасан билээ. Тэгвэл эрхэм гишүүд нэг тэрбум төгрөгөөрөө юу хийсэн бэ. Жишээ болгож УИХ-ын гишүүн, Засгийн газрын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, эрхэм гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр нарын өөрсдийн сонгогдсон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт юу хийснийг авч үзье. Хоёр гишүүний хоёр тэрбум төгрөгөөр хийсэн томоохон ажлууд гэвэл нэг, 22 дугаар хороонд зөөврийн усан сан байгуулж, Толгойт бүсэд Хүүхдийн парк байгуулж, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасагт тоног төхөөрөмж авч өгч, Таван шар, 21 дүгээр хороолол, Саппорогийн өмнө талд усан оргилуур суурилуулж, дүүргийн цэцэрлэгүүдийг модон тоглоомоор хангажээ. Мөн хэд хэдэн цэцэрлэг, сургуульд нэрэмжит анги байгуулж, бөхийн дэвжээ худалдан авч өгсөн гэжээ. Хэд хэдэн газар хатуу хучилттай авто зам тавьсан байна. Зарим өрхийн эмнэлэгт урсгал засвар, шинэчлэл хийсэн гэжээ.
Д.ОЮУН