“Алдуурсан” анд минь

Хуучирсан мэдээ: 2011.12.24-нд нийтлэгдсэн

“Алдуурсан” анд минь

Монголын минь цуутай яруу найрагч Цэндийн Чимэддорж тэнгэрт халив. Мэдсээр байж олигтойхон хайрлаж чадаагүйдээ гэмшиж зогсоно. Мөнх бусыг хамгийн сайн мэддэг мөртлөө яахаараа бид ийм алмай байдаг юм бол оо.


Баттөмөр минь “Баярын өмнө муу мэдээ дуулгах нь дээ” гэж утсаар хэлэхэд л “Нөгөөх минь өнгөрч дээ” гэж гадарласан юм. Сэтгэлд минь тэр сүүлийн үед тийм ойрхон, бас тааруухан зөн совингоор оршиж байсан хэрэг ээ. Алдуурсан наяад оныхон гэх утга зохиолын бидэн цагийн эрхээр жинхнээрээ “алдуураад” л байна даа…


Тэр жинхэнэ монгол найрагч байлаа. Адуу морьд шигээ омголон, хийморьтой эр явлаа. Яаж зовинож, шаналж явсан ч толгой гудайхгүй “Төгөлдөр өө” хэмээн төгөлдөр амьдрав аа. Хойшид тийм байх буй заа. Монгол эр байсных нь наад захын жишээ гэхэд тоглоом нь шагай, цуглуулга нь шагай, хүүхдүүддээ өгсөн нэр нь ч Шагай байлаа. Түүний хаанаас ундарсан юм гэхээр зүйрлэл, ихэсгэл, омгорхол нь шүлгээс нь мэдрэгдэн, ард олны хайртай “ардын” яруу найрагч байлаа.


Цэл залуухан хорь гаруйхан насандаа л “Найз нь эр ганц хүн шүү. Чи л миний юмыг эмхэлнэ дээ” гэж аминчлан хэлдэгсэн. Залуу нас, үерхэл нөхөрлөлөө ойрд ихэд дурсан утсаар ярьж, нөхдийнхөө тухай гайхалтай хөрөг ном бичиж байгаа тухай дахин дахин дурссан юмсан.


Би бүр яахаа ч мэдэхгүй алмайрч орхилоо. Зүгээр л өөрийгөө зэмлэж сууна. Чадах юм л энэ бололтой. Анд минь, би одоо яах вэ? Юутай ч чиний тухай гайхалтай сайхан ном гаргана. Хүүхдүүдэд чинь чадахын чинээгээр тусална. Тэдний оролцоотойгоор шилмэл түүврийг чинь хэвлүүлнэ. Наяад оныхон ч надад тусална. Арвигүйхэн, хариугүйхэн ийм л юм бодон, гашуудан сууна аа, найз нь.


Тэнгэрийн орондоо тайван зорч доо, чи минь. Чимээ минь.


 


Яруу найрагч О.Содномпил


2011.12.23

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж